/ БИДНИЙ ТУХАЙ / ЗЦА-ны түүхэн замнал / ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТҮҮХЭН ЗАМНАЛ

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТҮҮХЭН ЗАМНАЛ

      Замын цагдаагийн албаны үүсэл, хөгжил нь Монгол улсын Авто тээвэр, Цагдаагийн байгууллагын үүсэл, хөгжилтэй холбоотой юм. Хорьдугаар зууны эхэн үеэс Орос, Хятад улсаар дамжин наймаа эрхэлдэг, Монгол улсаас түүхий эд авдаг Орос, Хятад, Европ, Франц, Америкийн пүүс, хоршоодын цөөн тооны автомашин нэвтэрч байсны гадна Богд хаан, Сайн ноён хаан, Түшээ гүн Лувсан, Бэйс Лувсанцэрэн зэрэг хаад, ноёд 1-10 машинтай байсан гэх мэдээ баримт байдаг. Монгол улсад худалдаа наймааны харилцаатай гадаад орнуудын зүгээс механикжсан тээврийг нэвтрүүлэх санал тавьж, 1913 онд Чита хотод байсан Германы худалдаачин Вейнерман Нийслэл хүрээ-Хиагтын хооронд хувийн шуудан тээвэр хийж эхэлжээ.

  

          Авто хөсөг нэмэгдэж тэдгээрээс гудамж замаар эмх замбараагүй явж байгаа тухай асуудлыг Ардын засгийн газрын 1924 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 6 дугаар хурлаар хэлэлцэн “Уурын тэргийг товчлон эрхлэх газар”-ыг байгуулах, цахилгаан тэргийг хэрхэн явуулах дүрэм хэмжээг боловсруулах комиссыг томилж, мөн оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 7 дугаар хурлын тогтоолоор Цэргийн яамны дэргэд “Уурын тэргийг товчлон эрхлэх газар”-ыг байгуулснаар энэ газар нь ачаа, зорчигчдын тээврийг зохион байгуулах, автомашин, түүний хөдөлгөөнд хяналт тавих ажлыг хариуцаж байсан байна. 

       

   Ардын засгийн газрын 1924 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 6 дугаар хурлаар байгуулсан дүрэм, хэмжээ боловсруулах комисс нь тухайн үеийн төв, суурин газрын гудамж, зах зээлээр зорчиж байгаа автомашин, ердийн хөсөг, явган явагчдын хөдөлгөөнийг журамлах явдлын чухлыг харгалдан “Аливаа гал, усны уурын хүчээр явах тэрэг зэргийг БНМАУ-ын хязгаарын дотор хэрохэн хэрэглэхийн түр дүрэм”-ийн төслийг боловсруулж, Засгийн газрын 1925 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаар хурлаар хэлэлцүүлэн батлуулсан нь өнөөгийн Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн анхдагч суурь нь болж хөгжлийн түүхэн үеүүдэд улам бүр боловсронгуй болж иржээ.

            Тус алба нь Монгол улсын хууль тогтоомж, дээд шатны байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, Цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлэх ажил, үйлчилгээг сайжруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар хуульд заасан эрх, үүрэг болон “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”, “Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт”-ыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

           Замын цагдаагийн алба нь Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар, Захиргааны удирдлагын хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтэс, Орон нутгийн хяналтын хэлтэс, Техник замын хяналтын хэлтэс, Хамгаалалтын хэлтэс, Мөрдөн шалгах газар гэсэн бүтэц, зохион байгуулалттайгаар төв, орон нутгийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий албадыг удирдлага, мэргэжил арга зүйгээр хангаж:

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар дараах эрх, үүрэгтэй ажиллаж байна.

1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд хяналт тавих;

2. Замын хөдөлгөөнд оролцогчийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохицуулах

3. Замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдэл, нөхцөлийг таслан зогсоох үндэслэлээр тээврийн хэрэгслийг албадан зогсоох, дайчлах, түр саатуулах, зөөж шилжүүлэх;

4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах;

5. Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зориулалтын техник, хэрэгсэл ашиглан шалгаж тогтоох;

6. Холбогдох хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, зөрчлийн бүртгэлийн оноо тооцох;

7. Зэвсэгт хүчин болон хилийн цэргийн техникийн шалгах албыг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах мэргэжлийн чиг үүргээр харьяалах.

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Статистик мэдээ
  • 2018 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ