“ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ХОХИРОГСДЫН ДЭЛХИЙ НИЙТИЙН ӨДӨР” ЭХЭЛСЭН ТҮҮХ, АЧ ХОЛБОГДОЛ

        Яагаад авто замын ослоор хохирогчдын дурсгалыг хүндэтгэх дэлхийн өдрийг тэмдэглэдэг болсон вэ?

        Жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь ням гаригт зам тээврийн ослын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх дэлхийн өдрийг дэмжиж тэмдэглэх улс орнуудын тоо жил бүр нэмэгдсээр байна. Энэ өдрийг зам тээврийн ослоор амь насаа алдсан, гэмтэж бэртсэн сая сая хүмүүс, тэдний элгэн садан, найз нөхдөд нь эмгэнэл илэрхийлэх, түүнчлэн авто осол гэмтэл, нас баралттай байнга тулгарч байдаг аврах алба, эрүүл мэндийн үйлчилгээний болон цагдаагийн ажилтнуудад гүн талархлаа илэрхийлэх өдөр болгон тэмдэглэсээр иржээ.

         Энэ өдрийг олон нийтийн ямар хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тэмдэглэж байна вэ?

         Зам тээврийн ослын гэмтэл, нас баралт нь өөрөө гэнэтийн, хүчирхийлсэн, эмгэнэлтэй үйл явдал юм. Авто осол хэргийн улмаас хохирогчдын ар гэрийнхэн, хамаатан саданд удаан хугацааны, заримдаа бүүр насан туршийн хэзээ ч үл арилж мартагдахгүй нөлөө үзүүлж байдаг. Замын ослын улмаас сэтгэл санааны гашуун зовлон хямралыг амсаж эдлэж байгаа  тоо томшгүй олон сая хүн байхад түүн  дээр өдөр бүр дэлхийн өнцөг булан бүрээс шинэ хохирогч, өнчрөгчид нэмэгдсээр л. Жил бүр авто ослоор амь насаа алдсан 1 сая 300.000 хүн, эрэмдэг зэрэмдэг болсон 50 сая хүний ар гэрийхэн, ах дүү, төрөл төрөгсөд үүн дээр нэмэгдэж байна гэсэн үг.

         Авто ослоор цаг бусаар, зуурдаар амиа алдах нь эргэн тойрныхондоо учруулж буй уй гашуу, зовлон, уйтгар гуниг нь бүр их хүнд хэцүү байдаг. Учир нь дийлэнх хохирогчид нь залуучууд болон нийгэмд хүч хөдөлмөрөө өгч байгаа идэр насны иргэд байдаг, тэр тусмаа ийм хэрэг осол гарахгүй байх бүрэн боломжтой байсан гэж бодохоор бүр ч харамсалтай. Энэ осол хэргийн үр дагавар нь маш хүнд, хүний амь нас хохироож, амьдралын нөхцөл эрс дордоход хүргэж байдаг. Гэтэл энэ ноцтой байдлыг ойлгож хүлээн авах олон нийтийн хандлага их харалган, хайнга байна, өөрөөр хэлбэл одоо байгаа энэ байдал, энэ хандлагыг ёс суртахууны хувьд  хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.

          Тиймээс энэ өдрийг авто замын ослоор хохирогчдын зовлон зүдгүүр, хохирлын талаарх мэдээллийг бүх нийтэд хүргэх асар их хэрэгцээ шаардлагын үүднээс тэмдэглэдэг болсон байна.

          Мөн тус өдрийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүний сөрөг үр дагаварыг таслан зогсоох  үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын хувьд чиг үүргээ хэрэгжүүлэх чухал хэрэгсэл болгох зорилготой тэмдэглэдэг юм. Учир нь ослын улмаас нас барсан, эрэмдэг зэрэмдэг болсон тохиолдлын цар хүрээ, тулгарч буй  шийдвэрлэвэл зохих асуудлыг дэлгэн тавих, түүнчлэн энэ төрлийн эмгэнэлт үйл явдлыг давтан гарахаас урьдчилан сэргийлэх хамтын хүчин чармайлт нэн чухал шаардлагатайг харуулах боломжийг бий болгодог.

            Зам тээврийн ослоор хохирогчдын дурсгалыг хүндэтгэх дэлхийн  өдрийн түүхэн эх сурвалж

            Энэ өдрийг, энэ түүхийг авто замын ослоор хохирогчид өөрсдөө бий болгож, өөрсдөө бүтээжээ.

            1995 оноос хойш энэ өдрийг  ЗТО-оор хохирогсдын Европын Холбооны гишүүн төрийн бус байгууллагууд тэмдэглэж байжээ. Гэхдээ санаачлагч нь Британийн " Road Peace" гэдэг байгууллага байсан ба 1993 онд анх удаа  энэ  өдрийг тэмдэглэжээ. Эхэндээ энэ нь Европ дахь  дурсгалын өдөр гэж нэрлэгддэг байсан, харин Өмнөд Африк, Аргентин, Израилийн төрийн бус байгууллагаас хохирогчдыг хүндэтгэж эхлэсэн тэр үеэс дэлхийн нийтийн өдөр гэж нэрлэгдэх болсон. Харин Британийн " Road Peace" ТББ-ыг үүсгэн байгуулагч, хатагтай Бригит Чаудри нь 1992 онд  улаан гэрэл зөрчиж зам тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолоочийн буруутай үйлдлээс 26 настай ганц хүүгээ алдсан хохирогч билээ.

              Албан ёсны дэмжлэг 

             Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-аас авто замын ослын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх өдрийг  дэлхий нийтээр тэмдэглэх арга хэмжээ авч байна. ДЭМБ-ын байнгын дэмжлэгтэйгээр зам тээврийн ослын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх дэлхийн өдрийг тогтоох асуудлыг 2004 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанаар хэлэлцсэнээр, НҮБ-ын 2005 оны  60/5 тоот тогтоолоор "авто замын ослоор хохирогчид, тэдний гэр бүлийнхэнд  хангалттай анхаарал хандуулах" зорилгоор дэлхий нийтийн хүндэтгэлийн өдрийг баталжээ. НҮБ-ын гишүүн болон олон улсын хамтын нийгэмлэгийн орнуудыг энэ өдрийг тэмдэглэж байхыг уриалав.

              Архивын мэдээллээс үзэхэд энэ өдрийг тэмдэглэдэг улс орнуудын тоо жил бүр нэмэгдэж байна. Энэ нь зам тээврийн ослоор хохирогчдын дурсгалыг хүндэтгэх дэлхийн өдрийн интернэт сайт, фейсбүүк түүнчлэн  он-лайн асуулгуудаас үзэхэд тодорхой харагдаж байна.

             Олон оронд улс төрчид янз бүрийн хэлбэрээр зам тээврийн ослын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх дэлхийн өдрийн үзэл санааг дэмжиж байна. Хоёр тивд, тухайлбал Европ болон Африкт 2011 онд зохих тогтоолуудыг баталсан: Европын Парламент ба  Африкийн тээврийн сайд нарын бага хурлаас.

2001 онд Лондон хотын захирагч К.Ливингстоун энэ өдөрлөгийг дэмжиж “ЗХАБ-ыг дээшлүүлэх стратеги” боловсруулж батлуулж байсан зэрэг энэ өдрийг бүх шатанд дэмжсэн олон жишээг дурьдаж болно. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (785)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.