Өндөр торгууль төлмөөргүй байвал архи уусан үедээ жолоо барихаа ЗОГСОО!

Манай улсад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өнгөрөгч 2014 онд 50917-г илэрчээ. Хатуухнаар хэлэхэд 50917 “алуурчин” жолоо бариад явж байж. Энэ зөвхөн илэрсэн нь, баригдаагүй түүнээс ч олон тохиолдол байсан нь тодорхой.

Азаар Замын цагдаагийн газрынхан хяналт шалгалтаар илрүүлээд, тэдгээр 50 мянган иргэнд хуулийн дагуу хариуцлагыг нь үүрүүлж, зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар жолоодох эрхийг нь хасчээ.

Гэтэл согтуугаар машин жолоодсоны улмаас эрхээ хасуулсан атлаа дахин согтууруулах ундаа хэрэглэчихээд жолооны ард суусан зөрчил 11486  гарсан бөгөөд тэдэнд хуулийн дагуу 7-30 хоног баривчлах шийтгэл оноосон байна.

Өнгөрөгч оны энэ тоог 2013 оныхтой харьцуулахад буураагүй, харин ч 11 мянгаар нэмэгдсэн нь  хууль эрхзүйн орчин сул байгаагийн илрэл юм.

2014 оны тоон баримтыг 2013 оныхтой харьцуулсныг та дараах ИНФОГРАФИК-аас харж болно.

2013 онд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 39949 зөрчил, жолооны эрхгүй хэрнээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10092 зөрчил илрүүлжээ.

ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДВОЛ ЗӨВХӨН ЭРХЭЭ ХАСУУЛДАГ

Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.БөхбатМанай улсад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илэрвэл “толгойг нь илээд” л явуулчихдаг гэхэд болно. Ийм зөрчил гаргасан этгээдийн жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хасдаг учраас жолооны эрхгүй ч дахин машин барих явдал түгээмэл гардаг тухай Нийслэлийн Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат хэллээ.

Түүний ярьснаар өнөөдрийн байдлаар Захиргааны хариуцлагын тухай хуулийн дараах заалтуудад:

  • 25.1 дүгээр заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийн жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил  хүртэлх хугацаагаар хасах,
  • 25.2-т зааснаар жолоодох эрхгүй эсвэл жолооны эрхээ хасуулсан этгээд жолоо барьж яваад баригдвал 25000-50000 төгрөгийн торгууль,
  • 25.6-д зааснаар жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулдаг байна.

Тэрбээр "Одоогийн авч байгаа шийтгэлийн төрөл хэмжээ нөлөөллөө алдсан гэдэг нь харагдаад байна. Тиймээс хоёр жил хүртэлх хугацаагаар эрхийг нь хасаад дээр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй ижил хэмжээний мөнгөн торгууль ногдуулъя гэсэн санал тавьсан" гэв.

"Бусад орны ийм төрлийн гэмт хэргийг бууруулсан замналыг харахад шийтгэдэг шийтгэлийн төрөл хэмжээ нь хатуу чанга байна. Гэхдээ бид хэн нэгнийг айлгаж ичээх гэсэн юм биш. Сулавтар эрхзүйн орчинтой байгаа учраас өөрсдийг нь  болоод өрөөлийг хамгаалж байгаа заалт юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй" гэлээ.

Иймээс Замын цагдаагийн газраас тавьсан саналын дагуу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Г.Батхүү, М.Батчимэг болон бусад гишүүд боловсруулж, УИХ-д өргөн барьжээ. Тус хуулийн төслийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол ямар хариуцлага үүрүүлэх тухай  заалтыг та доорх ИНФОГРАФИК-аас харж болно.

ИНФОГРАФИК-ийг О.Сүхбат

БУСАД ОРНЫ ХУУЛЬ ЭРХЗҮЙН ОРЧИН

Беларусь улс согтууруулах ундаа хэрэглээд хөдөлгөөнд оролцсон жолоочийн тээврийн хэрэгслийг хурааж авах,

Италид тээврийн хэрэгслийг нь хурааж аваад давуу эрхтэйгээр өөрсдөд нь буцааж зарах.

Хятад улс 1000–2000 юанийн торгууль, 6 сарын хугацаатайгаар жолоодох эрхийг хасах.  Согтууруулах ундаа хэрэглэж байгаад хүний амь нас хохироовол цаазаар авах ялтай

Тайвань 15,000-90,000 Тайвань долларын торгууль (өнөөдрийн ханшаар 941850-5651100 төг), 1 жилийн жолоодох эрхийг хасах.

Канад хамгийн багадаа 50 долларын торгууль

Энэтхэг зургаан сарын хугацаатайгаар хорих, 2000 рупигийн торгууль, давтан зөрчил гаргавал гурван жилийн хорих ял, 3000 рупигийн торгууль

Перу 0.05% доош гарвал жолооч анхааруулга авна. 0.05% ба түүнээс дээш бол 6 сараас 2 жилийн хугацаатай жолоодох эрхээ хасуулна. Осол гаргавал хорих ялаар шийтгүүлэх магадлалтай

"ТОРГУУЛАХГҮЙН ТӨЛӨӨ АРХИ УУЖ МАШИН ЖОЛООДОХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ"

Жолооч нараас "Хэрвээ таныг согтууруулах ундаа хэрэглэчихээд машин жолоодож байх үед цагдаа саатуулан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй ижил хэмжээний мөнгөөр торгож, дээр нь жолоодох эрхийг тань хоёр жилээр хасвал хэрхэн хүлээн авах вэ?" гэсэн асуултанд дараах хариултыг авлаа.

Жолооч А. 36 настай:

-Миний хувьд тийм хуулийн заалт оруулах нь маш зөв гэж бодож байна. Надад тийм зүйл тохиолдвол би хариуцлагаа хүлээгээд торгуулиа төлнө. Харин дахиж тийм асуудал гаргахгүй.

Жолооч Ш. 31 настай:

-Хэрвээ торгууль төлөөд давхар жолооны эрхийг хасвал торгууль төлөхөд хэцүү юм байна. Зөвхөн торгууль төлөх заалттай бол шууд төлнө.

Жолооч С. 48 настай:

-Бараг 400 мянган төгрөг торгуульд өгнө гэдэг маш чанга шүү дээ. Монголчуудын амьдрал хүнд учраас үүнийг төлөх хүн ховор л байх. Миний хувьд чанга сонсогдож байна. Гэхдээ жолооч нарын өөрсдийнх нь болоод бусдын амь насыг хамгаалах зорилготой учраас тэр торгуулийг төлөхгүйн тулд архи уухгүй л байх хэрэгтэй гэж бодож байна.

Жолооч М. 35 настай:

-Тийм торгуулийн заалт оруулах нь зөв. Тэгж торгуулахад хүрвэл мэдээж төлнө. Угаасаа архи уугаад машин барьж байгаа хүнийг торгоод, эрхийг нь ч хасах зөв гэж бодож байна. Зүгээр торгоод өнгөрвөл мөнгөтэй хүнийг дэмжсэн заалт болж хувирна. Миний хувьд дэмжиж байна.

Жолооч Б. 25 настай:

-Яг өнөөдрийн байдлаар миний хувьд төлөх хэцүү. Гэхдээ тэгж торгуулахгүйн төлөө архи ууж машин жолоодохгүй байх хэрэгтэй.

Дээрх саналаас харахад жолооч нарын зарим нь маш зөв заалт гэж дэмжиж байсан ч багахан хувь нь торгууль өндөр учраас төлөх боломжгүй эсвэл торгуулиа төлөөд эрхээ хасуулмааргүй байна гэсэн байр суурийг илэрхийлж байсан.

Гэвч согтуугаар жолоо барих нь өөрөө хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой, хууль бус үйлдэл учраас "эрхээ хасуулахгүй", "торгууль төлөхгүй" гэж хэлэх нь ёс зүйд нийцэхгүй юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (843)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.