ТҮҮХ МАРТАГДАХ УЧИРГҮЙ

    Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар гэдэг их айлыг өдий зэрэгтэй  болгоход бүхий л  амьдрал, залуу халуун насаа зориулсан ахмад буурлууд, дарга нарын талаар та бүхэндээ хүргэхийг зорьж байгаа билээ. Энэ удаагийн зочноор Улсын авто техникийн хэргийн шалган байцаах газрын /Одоогийн УБ хотын Замын цагдаагийн газар/ даргаар олон жил ажилласан цагдаагийн бэлтгэл хурандаа Гомбоцэдэнгийн Ринчиндоржийн амьдрал, ажил, үйл хэргийн замналын талаар  хууч яриа өрнүүлснээ толилуулъя.

     "Миний бие 1933 онд хуучнаар Засагт хан аймгийн Ялгуусан шавь хошуу, одоогийн Завхан аймгийн Идэр сумын “Гялгар” гэдэг газар малчин ард Ж.Гомбоцэдэнгийн хүү болж төрсөн. Тухайн үеийн алс бөглүү хөдөө нутгийн хүүхдүүдийн нэгэн адил хурга, тугал хариулж, аргал түлээ түүн, тарвага зурам агнаж амьдралынхаа зам мөрийг гаргасан. 1940-өөд оны эхэн үед хөдөөгийн бага сургууль бэхжээгүй, хичээлийн байр сууц муутай, хоол хүнс хомс зэргээс шалтгаалж ард иргэд хүүхдүүдээ сургуульд явуулах дургүй байсан. Би ч бас тэдний нэгэн адил сургуульд сурах хүсэл багатай, даага сургаж, гуна булгиулж, айл хэсэх дуртай байлаа. 13 настай байхад минь намар сумын төвөөс Рэнцэн гэдэг багш манайд ирж аавтай уулзаад намайг мориндоо сундлан авч яваад, насыг минь 2 насаар дарж нэгдүгээр ангид оруулж билээ. Ингээд бага сургуулиа “онц” дүнтэй төгсөөд Завхан аймгийн 10 жилийн дунд сургуульд орж 10 дугаар анги хүртэл суралцсан. Би есдүгээр ангид байхдаа МХЗЭ-ийн X их хуралд төлөөлөгчөөр оролцож байлаа. Тэндээс харихдаа ээждээ бүсний дурдан аваачиж бэлэглэсэн минь санаанаас гардаггүй юм.

       Аравдугаар ангид орсон жил хичээл эхлээд удаагүй байхад Улаанбаатараас Элбэг гэдэг багш ирж, хотод очиж ЗХУ-д суралцах тусгай бэлтгэлийн аравдугаар ангид суралцах хүсэлтэй, сурлага сайтай хоёр хүүхэд шалгаруулж авсан юм. Манай ангид есөн жил дараалан онц сурсан хоёр хүүхэд байсны нэг нь би. Биднийг Улаанбаатар руу тэр долоо хоногтоо явуулах болж би ар гэртээ ч хэл дуулгаж чадалгүй, Элбэг багшийн хамт шуудангийн “Газ-51” автомашины тэвшний урд буланд, 200 литрийн төмөр торх сандайлан бүтэн гурав хоногийн турш явж нийслэлд орж ирж билээ. Аймаг бүрээс ирсэн 27 хүүхэд нэг ангид орсон.  Намар нь Аж үйлдвэрийн яамны нэр дээр ЗХУ-ын Москва хотын Автомашин-замын дээд сургуульд явж автын инженер-механик мэргэжлээр төгссөн.

     1961 онд  сургуулиа төгсч ирээд Аж үйлдвэрийн яамны баазад инженер, тус яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Нэг өдөр яамны сайд П.Дамдин дуудаад “Чамайг Дотоод явдлын яамны системд ажиллуулах санал оруулсан байна. Чи цэрэг цагдаагийн ажил мэдэхгүй, цэргийн алба хаагаагүй, мэргэжлийнхээ дагуу одоо ажиллаж байгаа газраа ажиллах сонирхолтой гэж хэлээрэй” гэж зөвлөлөө.

     Хэсэг хугацааны дараа ДЯЯ-ны сайд Жамбалсүрэн дуудаад “Таныг Улсын автотехникийн шалган байцаах хэлтэст Мэргэжлийн комиссын даргаар ажиллуулах саналтай байна. Ахмад цол, байр олгоно, амьдралд чинь хэрэгтэй биз дээ” гэдэг юм байна. Би татгалзсан боловч Намын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлийн хурлаар оруулаад шууд баталж огт мэдэхгүй шинэ албанд томилогдлоо. Ингэж анх Замын цагдаагийн албатай амьдралаа холбосон юм.

      1964 оны 05 дугаар сард Улсын автотехникийн хэргийг шалган байцаах газрын орлогч, инженер, Мэргэжлийн комиссын дарга гэсэн албан тушаалд томилогдон цэргийн ёс дэг, дүрэм, журам огт мэдэхгүй мөртлөө шууд “Ахмад” цол зүүгээд энэ албанд ирж байлаа.

     Намайг ирэхэд Улсын автотехникийн шалган байцаах хэлтэст нь одоогийн “Баянгол” зочид буудлын хавьд улаан хүрэн өнгийн 3 ширхэг дүнзэн байшинд байсан юм. Хэлтсийн дарга нь дэд хурандаа Жамсран, орлогч нь сахал хочтой хошууч Ёндонжамц,  Мэргэжлийн комисс нь даргагүй,  Хөдөлгөөний албаны тасгийн даргаар С.Зодвоо, Техникийн тасгийн даргаар Ц.Жодов, механизмын тасгийн даргаар Т.Пунцаг, Хэрэг барагдуулах группын даргаар Чүлтэм, Тоо бүртгэлийн группийн даргаар Ш.Жимбээ нар ажиллаж байсан ба тасаг, групп тус бүр цөөн хэдэн тооны офицер, ажилтантай алба байсан даа.

     Тэр үед энэ албанд ганц автомашин байсан нь хаалга, капот нь эвдэрхий “ГАЗ-21” /даргынх/,  хоёр гурван “Ява” мотоциклтой, өөрсдийн хийсэн дохиур эрээн модноос өөр техник хэрэгсэлгүй байлаа.

      Намайг тус хэлтэст ирэхийн өмнө хүмүүс машин барихыг бие дааж сурчихаад өргөдөл гаргаад шалгуулж жолооны үнэмлэх авч болдог байсан юм билээ. Энэ байдлаас үүдэлтэйгээр олон хүнд жолоочийн үнэмлэх зүй бусаар олгогдож, үүний улмаас Мэргэжлийн комиссын дарга, орлогч, олон нийтийн байцаагч-туслагч зэрэг хүмүүс хэрэгт холбогдон намайг очсоны дараахан УАТШБХ-ийн дарга Жамсран, орлогч Ёндонжамц нар халагдаж, оронд нь Г.Халзан гэдэг хүн ирж байсан юм.

      Ажлаа юуны өмнө бүх жолооч нарыг дахин шалгаж, үнэмлэх, талоныг нь шинэчлэн солих, хувийн хэрэг бүртгэлийг нь цэгцлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахаас эхэлсэн. Бие дааж суралцсан гэх хүмүүсийг жолооч болгодог системийг өөрчилж, албан ёсны сургууль курсээр жолооч бэлтгэдэг журамд шилжүүлэх зөвшөөрөл холбогдох дээд байгууллагаар гаргуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан. Тухайн үед шинэ жолооч нараар модель тоглуулж шалгалт авдаг байсан юм. Замын хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэгээ, уулзвар гарц, гэрлэн дохио гээд замын хөдөлгөөнд гол оролцогч хүчин зүйлүүдийг зурж тэмдэглэсэн ширээ, самбар дээр машин, мотоцикл, явган зорчигч, ердийн хөсөг зэрэг дүрсүүдийг байршуулан тавиад дүрмийн ямар дэс дараагаар явж нэвтрэх ёстойг шинэ жолооч нараар хийлгэн, зөв буруу үйлдлийг харгалзан дүн тавьж тэнцэх эсэхийг нь шалгадаг байв.

      Түүнээс хойш тус газрын конторыг байртай болгож, өргөтгөн тохижуулах, бүтэц зохион байгуулалтыг сайжруулах, мэргэжлийн боловсон хүчнээр хангах, хувцас формыг шинэчлэн сайжруулах, шугам замд тавих хяналт шалгалтыг хүчтэй болгох зэрэг олон ажлыг хийж ирсэн.

      Тухайн үед ЗХУ болон социалист хамтын нөхөрлөлийн орнуудаас үзүүлэх техник, эдийн засгийн тусламж нэмэгдсэнтэй холбоотойгоор авто тээвэр, паркын бүтцэд маш их өөрчлөлт гарч, тоо нь ч өссөн. Автомашины тоо өсөхтэй зэрэгцээд замын хөдөлгөөний нягтрал ихэсч, хөдөлгөөний аюулгүй байдлын эрх зүй, хяналт шалгалтыг сайжруулах хэрэгтэй болсон л доо. Зөвлөлтийн барилгын трест, цэргийн ангийн олон автомашин техникүүд манайд ажиллаж, жолооч нар нь ноцтой осол зөрчил гаргаж, орос цэрэг, жолооч нар хэргийн газраас зугтаж, ангийнхаа байранд орж мөрөө буруулдаг байсан юм. Тэр үед манай албанд орос хэлтэй ажилтан цөөн байсан учраас би орос жолоочтой холбоотой хэргийн хойноос хөөцөлдөж, биечлэн 17 хэрэг илрүүлснийг минь сайшаан Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газрын дарга, генерал Думбурай зориуд талархал илэрхийлж баяр хүргэж байсан.

     Энэ он жилүүдэд албандаа холбоо мэдээллийн техник хэрэгсэл нэвтрүүлэх, замын гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэлийг шинэчлэн сайжруулах, Замын хөдөлгөөний дүрэм, жолоочийн үнэмлэх, талоныг олон улсын жишигт ойртуулан засвар өөрчлөлт оруулах, дүрмийн шалгалтыг картын системээр авах, хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүний автомашин техникийг саатуулан шалгах журмын хашааг бариулж ашиглалтад оруулж байлаа.

      Мөн өсвөрийн зохицуулагчдыг  бий болгож “Ногоон гэрэл-цагаан шугам” сэдэвт ажлыг уламжлал болгон зохион явуулах болсон зэрэг нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түвшинг ахиулахад зохих  үр дүнгээ өгсөн.

     1980-аад оны үед тухайн үеийн НАХЯ-нд ашиглагдаагүй байсан замын хөдөлгөөнийг хянах камерын системийг Төв шуудан, ГЯЯ, ЗЦГ-ын өмнөх замын уулзваруудад  байрлуулж замын хөдөлгөөнд хяналт тавьж байснаас гадна холбооны  өндөр антенныг өөрсдийн хүчээр босгож монтажлан, эргүүл, жижүүрийн постуудын холбооны станцын дамжуулах чадварыг дээшлүүлж байв.   

       Мөн улсын хэмжээнд жил бүр явагддаг Техникийн үзлэг шалгалт, гадаад  улсуудын нам, төрийн тэргүүн, дээд хэмжээний зочин төлөөлөгчдийн хамгаалалтын ажилд оролцож, тэдэнд үйлчлэх автомашин техникийг шалган бэлтгэх, баталгаа өгөх ажлыг биечлэн хариуцаж байсан.

     Улсын чанартай цаг үеийн олон ажлуудад буюу жил бүрийн улсын ургац хураалт, байгалийн бэрхшээл, цас, зудны үе, хорио цээрийн арга хэмжээний үеүдэд хээрийн замуудад замын пост, штаб гаргаж ажиллуулдаг байлаа. Би өөрөө 17 жил улсын Ургацын комиссын гишүүнээр генерал Жамъянгийн удирдлага дор ажиллаж байсан.

       1960 оны эхэн үеэс 1990 он хүртэлх хугацаанд Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газрын дарга, орлогчоор 30 гаруй жил ажиллах хугацаандаа 1966, 1976, 1987 онуудад одоогийн мөрдөгдөж байгаа Замын Хөдөлгөөний дүрмийг өөрчлөн шинэчлэх ажлыг зөвлөлийн гишүүдийн хамт хариуцан, биечлэн удирдаж боловсруулан батлуулснаас гадна тус улсын жолоочийн үнэмлэхийг олон улсын жишигт нийцүүлэн   3 удаа  шинэчлэн батлуулж өөрчлүүлсөн.

       Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдалд судалгаа дүгнэлт хийж, ажилтнуудынхаа мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд туслах зорилгоор Замын хөдөлгөөний онол арга зүйн кабинетийг санаачлан  байгуулснаас гадна “Зам тээврийн гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ /1975-1985/, “БНМАУ-д гарч байгаа зам тээврийн гэмт хэргийн байдал, гол шалтгааныг социалист орнуудыхтай харьцуулсан нь”, “Автомашинд явган зорчигч дайрагдсан осолд хийх шинжилгээ тооцоо”, “Автомашины дугуй”, “Автомашин-хөдөлгөөн”, “Хөдөлгөөний осол хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох зарим арга”, “Миний нийслэл”,  “Амрыг эрье” зэрэг ажил мэргэжилтэй холбогдсон ном, товхимол бичиж гаргасан.

      Би “Тэгш бус гадаргатай шороон замд  автомашины тоормослолтын тухай” сэдвээр 1982 онд техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан, Замын цагдаагийн албанаас төрсөн хамгийн анхны доктор ба цагдаагийн байгууллагадаа ч нэлээн дээгүүрт орох байх. Энэ цолыг хамгаалах хуралд ЗХУ-ын цэргийн автотехникийн албаны алба хаагчдаас гадна Казахстаны Автотехникийн газрын дарга урилгаар оролцсон.  Манай замын хөдөлгөөний дүрэм тэр аяараа Европ, Оросынхоос хуулбарласан байдаг, Европын орнуудын автозам ихэнхдээ асфальт байдаг бол манайх голдуу шороон замтай байсан бөгөөд ихэвчлэн хөдөө замд осол аваар гардаг байв. Ингээд дээрх улсуудын зам тээврийн осол, хэрэг шалгах тоормосны мөрийг хэмжиж гаргах тооцоо манай өвөл, зуны шороон замд  хэр нийцдэгийг судлахын тулд ЗХУ-аас багштайгаа нийлж багаж, төхөөрөмж хийж авчраад судалж үзлээ. Гэтэл хамаагүй зөрүүтэй гарч байсан. Хүний амьдрал шийдэх энэ асуудалд ийм гоомой хандаж болохгүй учраас би энэ асуудлыг зориуд судалсан юм. Үүнийгээ Замын хөдөлгөөний дүрэм шинэчлэн боловсруулахад тусгуулсан даа.

      Нэг газар, тэр тусмаа Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах байгууллагад нэлээн олон жил ажилласан хүний амьдралд дурсамжтай олон явдлууд учирч байсан. Эдгээрээс дурдвал: Цэдэнбал даргын эхнэр Анастасия Ивановна Филатоватай холбоотой дурсамж байна. Би түүнтэй ажлын шугамаар байнга холбоотой байдаг байлаа.  Манай улсад ЗХУ-аас Элчин сайдаар Павлов гэдэг хүн ирэв. Ирээд удаагүй, сар гаруй л болж байхад нь олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан ашиглалтад орлоо. Түүнийг барьж байх үед Филатова даргын болон миний гарын үсэгтэй улаан шугамтай зөвшөөрлийн бичгээр маш цөөхөн автомашин дотогш нэвтэрдэг,Улаанбаатар хотын Цагдаагийн газраас тэнд цагдаа ажиллуулдаг. Нэг өдөр  Анастасия Ивановна дуудаад “Чамд биечлэн даалгах чухал ажил байна. Хүүхдийн зуслан руу орох автомашиныг журамлана. Хотын цагдаагийн газрынхан машин ерөөсөө журамлахгүй байна. Замын цагдаагийн постыг 24 цагаар ажиллуул. Нэгэнт  барилгын ажил дууссан учраас барилгын автомашин орохгүй, Хүүхдийн фондын хоёр автомашин л орно. Зөвлөлтийн ЭСЯ-ны автомашинууд замбараа алга. Тэднийд таван үнэмлэх л өгнө. Энэ үнэмлэхгүй автомашиныг маргаашнаас эхлээд нэгийг ч оруулахгүй. Оруулсан бол тантай ярина шүү” гэдэг юм байна. Би ЗХУ-ын ЭСЯ-нд нөгөөх таван үнэмлэхийг нь өөрөө аваачиж өгч, нэг шинэ цагдааг хоёр хашир, туршлагатай цагдаагийн хамт постонд гаргалаа. Үнэмлэхгүй нэг ч машин оруулахгүй шүү гэсэн үүрэг тэдэнд өгсөн юм. Тэр үед хариуцлагын тогтолцоо гэж маш хатуу байлаа шүү дээ. Дээрх уулзалтаас хойш дөрөв хоногийн дараа ажилдаа явах гэж байтал өглөө 8.00 цагт НАХЯ-ны сайд Лувсангомбо гуай өрөөндөө дуудаж байна гэж манай газрын жижүүр надад мэдэгдлээ. Очтол Лувсангомбо сайдын царай маш баргар байна. “Чи даанч яав аа. Юу хийж байна? нөхөр минь. Яагаад ЗХУ-ын Элчин сайдыг зуслан руу оруулахгүй хөөж явуулсан байна вэ? Гадаад яамаар дамжиж бидэнд ноот бичиг ирэх гэж байна. Хоёр улсын харилцааны асуудал болох гэж байна” гэлээ. Сайд ерөөсөө тайлбар сонсохгүй “Одоо явж шалгаад, Элчин сайдыг зуслан руу оруулаагүй цагдааг хал. Таныг яамны намын хорооны хурлаар оруулж арга хэмжээ авна” гээд гаргалаа.  “Найрамдал” зуслангийн наана тавьсан постод манай нэгэн ажилтны хүү шинэ хүн тэр орой нь гарч таарч. Түүнээс юу болсныг асуутал “Орой 2000 цагийн үед “Волга” автомашинтай гурван орос ирсэн. Таны  өгсөн үнэмлэх, нэвтрэх бичиг байхгүй байсан. Тэгтэл нэг нь цонхоороо ЗХУ-ын Элчин сайд явж байна” гэсэн. Үнэмлэхгүй байна оруулахгүй гэж хэлтэл бууж ирээд үнэмлэх үзүүлсэн. Павлов гэдэг хүний нэр байсан юм. Тэгэхээр нь би Павлов нь ч Павлов л байна. Нэвтрэх зөвшөөрлийн бичиггүй бол битгий оруул гэж дарга нар үүрэг болгосон гэтэл уурлаад буцаад давхисан” гэж байна. “Павлов гэсэн үнэмлэхтэй байхад нь оруулчихгүй яасан юм бэ” гэтэл тэр цагдаа маань “Та нар зөвшөөрлийн үнэмлэхгүй л бол хэнийг ч битгий оруул гэсэн үүрэг өгсөн шүү дээ” гэлээ. Би юу ч хэлж чадсангүй. Үнэхээр тийм үүрэг даалгавар өгсөн юм чинь. Би ч шууд л Анастасия Ивановнагийн өрөөнд очлоо. “Ну как дела?” гэсээр тэр намайг хүлээж авлаа. Би түүнд оросоор “Ёстой баларлаа” л гэлээ. Цагдаагийнхаа ярьсныг түүнд хэллээ. Тэгээд сайд дуудаад “Цагдааг хал, надад арга хэмжээ авна гэж байна” гэлээ. Гэтэл Анастасия Ивановна “Чи Лувсангомбо сайдад хэлэхгүй яасан юм бэ. В.И.Ленин  үнэмлэхээ мартчихаад ирэхэд нь Кремлийн харуул оруулахгүй хөөгдөөд буцаж байсан. Буцаж харьж үнэмлэхээ авч ирээд тэр харуулыг үүргээ сайн биелүүлсэн” гэж хэлээд үнэмлэхээ үзүүлээд орж байсныг” гэж байна. Юун хэлэхтэй мантай, хөөгдөөд гарсан гэж хэллээ. Тэрбээр харин “Их сайн байна. Тэр цагдааг халах байтугай шагнах хэрэгтэй. Тэгж л хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Би энэ асуудлаар удирдлагатай чинь ярина” гэж байна. Ингэж намайг хүнд байдлаас аварсан юм.  

      Мөн нэг мартагдашгүй дурсамжтай явдал гэвэл, 1990 оны эхээр өөрөөр хэлбэл миний энэ албанд зодог тайлж байсан буюу чөлөөнд гарч байх үед Монголын цагдааг шинэчлэх зорилготой “Цагдаагийн эвлэл” гэж байгууллага бий болсон, хэсэг бүлэг ажилтан нийлж нууц байдлаар ажиллаж байгаа, Цагдан сэргийлэх байгууллагад ардчиллын салхи, шинэчлэл оруулах  гэнэ гэсэн ам дамжсан яриа гарах болсон. Тэр үед УЦСЕГ-ын даргаар хошууч генерал Б.Пүрэв ажиллаж байсан бөгөөд би  УЦСЕГ-ын  даргын зөвлөлийн гишүүн байв. Зөвлөлийн хурал дээр ч энэ талаар яригдаж, сонсогдож байсан.

       Нэг өдөр ажил дээрээ сууж байтал манай Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Цандэлэг орж ирлээ. Эвлэлийнхээ тухай танилцуулж, “УЦСЕГ-ын даргын зөвлөлд цагдаагийн байгууллагыг шинэчлэх тухай санамж шаардлага өгөх гэж байна. Та энэ шаардлагыг үзээд зөвлөлийн хуралд дэмжлэг үзүүлээч” гэдэг юм байна. Мөн “Шинжлэх ухаан техникийн хэлтсийн /криминалистикийн шинжээч/ хошууч Доржготов, Сүхбаатарын районы Цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, ахлах дэслэгч Намчинбуу, Улаанбаатар хотын ЦСГазрын эрүүгийн төлөөлөгч Б.Эрдэнэ, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын техникч, хошууч Гарьд, манай газраас Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Цандэлэг, Галын газрын холбооны техникч ахлах дэслэгч Нямсүрэн нарын 10-аад хүн энэ эвлэлийг байгуулсан,  Эрдэнэ, Нямсүрэн хоёр ирсэн Зөвлөлийн хуралд танилцуулах шаардлагыг танд үзүүлж  зөвлөгөө авах гэсэн юм. Үүний өмнө Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, хурандаа Гаравсүрэнд  үзүүлж  танилцуулсан, авах ч юм байна, хаях ч юм байна гэсэн” гэв.Оруулаад ирээч, уулзъя гэхэд зүс үзсэн, муухан таних 2 хүн орж ирсэн. Шаардлагыг нь уншиж үзэхэд авах, анхаарах зүйлс ч байсан. Эвлэлийн гол зорилго бол Монголын  Цагдаагийн байгууллагад шинэчлэлт өөрчлөлтийг хийх, юуны өмнө, цагдаагийн байгууллагын удирдлага зохион байгуулалтад өөрчлөлт хийж, НАХЯ-ны харъяанаас гаргах, албадын зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчилж, бага тушаалын офицер, цагдаа нараас оруулж шинээр зохион байгуулах, цагдаа нарын нийгмийн байдлыг дээшлүүлж ахуй хангамж, цалин хөлсийг нэмэгдүүлэх, цагдаагийн байгууллагын нэршлийг хэт нуршуу байгааг өөрчлөх, УЦСЕГ-ын  дарга, хошууч генерал Б.Пүрэвийг огцруулах зэрэг 17, 18 зүйлтэй шаардах хуудас байв. Ингээд тэдгээр ажилтнуудад хэллээ. “Цагдаа нарын ахуй хангамж, цалин хөлсийг нэмэгдүүлнэ гэдэг чинь болохгүй асуудал биш, болно, Цагдаагийн байгууллагыг шинэчил гэдэг ч байж болох асуудал, бусад асуудлыг ч шийдэж болно гэж бодож байна.  Харин Цагдаагийн ерөнхий газрын даргыг огцруулна гэдэг зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудал биш, Засгийн газар дээр яригдах асуудал. УЦСЕГ-ын даргыг дээрээс  томилдог албан тушаал. Та нар зөвлөлийн хурлаар оруулаад хэлэлцүүлээд үзэхгүй юу?” гэлээ. Тэд ч “Удахгүй УЦСЕГ-ын даргын зөвлөлийн хуралд энэ асуудлаа оруулна. Таныг дэмжинэ гэдэгт итгэж байгаа” гэж байна.

    Түүнээс хойш долоо хоногийн дараа аймаг хотуудаас сэргийлэхийн ажилтнуудын төлөөлөл оролцуулсан Цагдаагийн эвлэлийн анхны хурал Гал түймэртэй тэмцэх газрын улаан буланд болсон. Хуралдаа УЦСЕГ-ын даргын зөвлөлийн гишүүдийг урьснаас  УЦСЕГ-ын дарга, генерал Пүрэвийн даалгаснаар орлогч дарга хурандаа Мөнхдалай, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Жанчив  бид гурав тэдний юу ярихыг сонсохоор очлоо. Энэ үедээ тоглоом шоглоомоор хурандаа Жанчивт  “Манайхаас хүн орохгүй дээ,  танай газраас л их байгаа” гэж хэлж байлаа. Биднийг ороход танхим дүүрэн цагдаа сууж байна. Онцгой санагдсан зүйл гэвэл, хурлын индэрт Улаан Жамсран бурхныг их томоор бүтээлгэж өлгөөд урд талд нь лам нар уншлага хийж, цагдаа нар мөнгө төгрөг бариад мөргөж байна. Би тэнд манай Мөрдөн  байцаах тасгийн дарга, дэд хурандаа Цандэлэгээс өөр хүнийг очихгүй байх гэж бодож байсан юм. Цандэлэг ч энгийн хувцастай тэнд оролцож байлаа, харин цагаан малгай бүстэй хүн нэлээд олон харагдсан шүү.

       Мөн Ардчиллын анхдагч нарын нэг Баасан лам, одоогийн Хууль зүйн сайд /тухайн үеийн буюу Бямбасүрэн гуайн Засгийн газрын шадар сайдаар ажиллаж байсан/ Дорлигжав болон цагдаагийн эвлэлийн удирдлага нар байж байна. Энэ үеэр Намчинбуу илтгэл тавьсан. Тэр илтгэлд хэрэгтэй зүйл маш их ярьсан юм. Энэ хурлаас цагдаа буюу “Police” гэдэг нэрийг анх гаргасан.

     Энэ хурал дээр  Б.Эрдэнэ намайг ганц сайн халаасан. Тэрбээр Намчинбуугийн илтгэлийн дараа үг хэлэхдээ “Манай эвлэлийг УЦСЕГ-ын даргын зөвлөл огт хүлээж авч дэмжээгүй. Бүгд саад учруулж байсан. Харин УАТШБГ-ын дарга, хурандаа Г.Ринчиндорж, Хотын цагдаагийн газрын дарга, хурандаа Гаравсүрэн нар биднийг нааштай хүлээж авч дэмжиж, үнэтэй зөвлөгөө өгч байсан. УБ хотын ЦСГазар 100 төгрөгийн, УАТХШБГазар 50 төгрөгийн хандив өгөхөөр болсон” гэдэг юм байна. Би өөрөө зөвлөлийн гишүүн, Яамны Намын хорооны гишүүн хүн шүү дээ, Цагдаагийн эвлэлд орсон, хандив өгөх гэсэн гэж яригдана гэдэг чинь байж болохгүй асуудал байсан.  Манай намын хорооны дарга Юндэндорж гуайн  надад хандах хандлага ч өөр болж хөрсөн дөө. Нэг удаа тоглоомоор  “Сураг сонсох нь ээ чи Ардчилсан холбоо, Цагдаагийн эвлэлд зөвлөхөөр явж байгаа бололтой юм аа, гайгүй сайн тусалж байгаа сураг дууллаа” гэж хэлж байсан. Тэр үед би тэтгэвэртээ гарах өргөдлөө өгч гарч байлаа. 

    Уг хурлаас хойш цагдаагийн байгууллагыг НАХЯ-аас салгаж биеийг нь даалгаж, УЦСЕГ-ыг Цагдаагийн ерөнхий газар, УАТХШБГ-ыг Замын цагдаагийн газар болгож цагдаагийн бүх салбарт өөрчлөлт хийсэн. Даргын зөвлөлийг нь ч өөрчилсөн. Энэ эвлэл цагдаад өөрчлөлт шинэчлэл хийх салхи оруулсныг нь би үнэлдэг юм.

      Би олон жил ургацын комиссын гишүүнээр ажилласан. Манай албаны гол үүрэг бол  ургацын замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах, ургац хураалтад гарах бүх автомашиныг үйлдвэр аж ахуйн газар, албан байгууллагуудаас дайчлан гаргах явдал байлаа.

    Ургацын комиссын дарга генерал Жамъян гуай улаан “Москвич” автомашинтай, настайвтар эмэгтэй жолоочтой, хуучин савхин дээлтэй шалгалтаар явдаг байлаа. Нэг намар Жамъян гуай Жаргалантын САА руу ургацын комиссын ажил шалгаад  буцах замдаа 52-ын давааны арын зам дээр байцаа цувуулаад хаясан байхыг хараад машиндаа цуглуулж хийгээд байцаа унагасан автомашиныг даваан дээр араас нь гүйцэж очиж /би эрээн мод жолоочид нь өгсөн байсан/ дохиж зогсоогоод “Яагаад ургац хайр найргүй, хамаагүй хаяад байгаа юм бэ? байцаа цувуулж хаясныгаа эргэж цуглуулж ав” гэхэд жолооч нь “Та зүгээр олон юм ярилгүй бензин гуйх гэж байгаа бол литр бензин гуйгаад ав, тийм их эдийн засагч, улсын хөрөнгөнд хайртай юм бол өөрөө цуглуулж ав” гэж хэлээд явчихсан байсан. Маргааш нь Жамъян гуай намайг дуудаад “Барилгын яамны харъяа автобаазын ...   дугаарын машины жолооч баахан байцаа цувуулж хаяад, хэлсэн чинь хэл амаар доромжлоод явсан, чи энэ хүнийг баазынх нь хурлаар оруулж даргынх нь хамт арга хэмжээ аваад надад эргэж мэдэгд”  гэсэн үүрэг өглөө. Би уг жолоочийг даргатай нь дуудаж уулзаад асуухад “Тийм явдал болсон”  гэж хэлж байна. “Чи яагаад Ургацын комиссын дарга Жамъян гуайг хэл амаар доромжилдог юм бэ?” гэхэд тэр жолооч бүр сандарч шоконд орсон. Тухайн үед үнэндээ Жамъян гуайг танихгүй хүн ховор байсан.  Би тэр жолоочид “Жамъян гуайгаас уучлал гуй, дараа нь арга хэмжээ тооцно” гэж хэлсэн, тэд нар ч нэлээн явж уучлал гуйсан байсан. Жамъян гуай зөөлөн сэтгэлтэй хүн байсан болохоор дараа нь надад “За тэр жолооч буруугаа хүлээсэн, ойлгосон байна лээ, заавал арга хэмжээ аваад ч яах вэ? Ер нь танай жолооч нарын сахилга хариуцлага тийм л байна шүү дээ” гэж хэлж байсан.

       Би Замын цагдаагийн албыг  өөрийн гэсэн контор байргүй, унаа хөсөг техник хэрэгслээр хомсхон байх үед анх ирж, гуч шахам жил орлогч болон даргаар ажиллахдаа 3 давхар иж бүрэн байртай болголцож, өнөр өтгөн чадварлаг хамт олонтой, улсын хэмжээний том алба-өнөөдрийн ЗЦГазар болтол хөгжихөд өөрийн залуу нас, эрч хүч, авъяас мэдлэгээ зориулж, цаашид хөгжиж бэхжих бааз суурь, бодит нөхцлийг бүрдүүлж үлдээсэндээ баярлаж, бахархаж явдаг..."

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (814)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.