ТӨРИЙН СОЁРХОЛТ, АРДЫН УРАН ЗОХИОЛЧ Ш.СҮРЭНЖАВ: ЦАГДАА-ТУГАНДАА СОЁМБОТОЙ ТӨРИЙН СЭРГЭГ ХАРАА

Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуайг бид “Багш” найраглал, “Ерэн баатрын дууль”, “Гарьд магнай” гэдэг олон арван дуу шүлэг найраглал, кино зохиолоор нь андахгүй сайн мэднэ. “Ном бүтээлээрээ түмэн олондоо хүндлэгдсэн их найрагч “Би Д.Сандаг-Очир генералыг ЦЕГ-ын дарга байхад нэг уулзсан юм. Цагдаагийн даргад ямар архи барьж очилтой нь биш дээ чаддагаар нь нэг найраглал бичээд очьё гээд “Цагдаа” найрагдлалаа бичээд бэлэглэсэн юм. Их сайхан хүлээж авсан шүү” гээд бидэнд уншиж өгсөн юм. Энгийн амьдрал эгэлгүй авьяас цогцолж, билэг авьяас нь цолгорсон бичгийн их мэргэдэд өгүүлэхгүй сэдэв, хүүрнэхгүй яриа, дэлгэхгүй нандин сэтгэл гэж үгүй. Хүний амьдралыг хамгийн энгийн үнэнийг бийр бэхийн шидээр хөглөх тэдний дурсамж бүхэн түүх болон үлддэг. Их найрагчийн жараад оны жаргал зовлонтой залуу халуун наснаас эхлээд өнөө цагийн өөдрөг гэгээн бодол бүхэн танд нэгийг бодогдуулах нь дамжиггүй.

ЖАРААД ОНЫ ЖАРГАЛ ЗОВЛОНТОЙ ӨДРҮҮД

Залуу хүнд юу эс тохиолдох вэ дээ. Би та нарт бүтэл муутай хэдэн дурсамж ярья. Жараад онд залуу омголон байхдаа Туул рестораны цагдааг тонгорч явснаа нуухгүй ээ. Залуудаа цагдаатай их л муудаж сайндаж явсан байтлаа одоо яагаад нэг их цагдаад найраглал бичиж найр тавиад байна гэж гайхах хэрэггүй. Ардчилалыг дагаж ааш хувирсан юм биш шүү. Залуу байхад бид дэндүү омголон тухайн үедээ М.Горькийн нэрэмжит сургууль төгсчихсөн том сэхээтэн байлаа. Тэр үед одоогийнх шиг цагдаагийн академи гэж үгүй учраас зохиолчид бид бол тэднийгээ боловсролгүй хүмүүс гээд цагдаагүй бол бид яах билээ гэсэн бодолгүй байж дээ. Өндөр нуруулаг бяртай л бол цагдаа болгоно гээд шилж сонгож авдаг байсан цаг. 1960-аад оны эхэн үе гэсэн үг. Нэг удаа Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Мөрдорж гуай “Үнэн” сонины нүүрэн дээр шинэ бүтээл нь гарсан гээд зураг, ярилцлага нь гарсанд цагдаа утасдаад,
- Манай нам засгийн сонинд нэг алдаа байна. Манай хорооны байнга согтуу явдаг нэг хүнийг тэргүүн нүүрэндээ гаргасан байна гэж ярьсан гэдэг юм. Энэ бол онигоо биш үнэн юм шүү. Ардын зураач Х.Цэвэгжав гуай, Л.Мөрдорж гуай хоёрыг нэг удаа эрүүлжүүлэхэд ороход нь биед нь байсан түрийвч, цүнх, үзэг дэвтрээс нь гадна төрийн шагналыг нь хурааж л дээ. Ямар сайндаа төрийн шагнал гэж хэлж мэдэхгүй, “Өлзий ороомогтой тэмдэг хоёр ширхэг” гээд бичсэн гэдэг. Тухайн үедээ бидэн шиг М.Горькийн дээд сургууль төгссөн, жоохон юм уншчихсан шүлэг зохиол бичдэг сэхээтэн омголон залуус, боловсролгүй, харьцаа муутай байсан цагдаатайгаа таарахгүй байх тохиолдол олон байдаг байсан юмаа. Бид ч их ууна. Арга ч үгүй юм даа.
Монте-Кристо гүнийг орчуулдаг Даш гуай найзтайгаа явж байгаад урт цагааны дэлгүүрээс архи аваад Туул ресторанд ороод байтал манай “Хүрэн морь” найраглалыг бичдэг Ч.Лхамсүрэн гуай шиг өндөр хар Ёндонжамц гэж цагдаа биднийг архичин юмнууд гээд хэлэхээр миний уур хүрсэн гэж жигтэйхэн. нь Бөх болно гэж бэлтгэл сургуулилт хийдэг байсан шартай омголон Сүрэнжав өөрөөсөө нэлээн ахимаг цагдааг тонгороод хаясан нь их л дуулиан болсон юм. Төрийн цагдаад халдсан гээд арга хэмжээ авах гээд байхаар нь аврал эрээд тухайн үеийн цагдаагийн томоохон дарга найз Рэнцэнхорлоо руу гаа залгасан чиньь намайг бас өмөөрсөнгүй, харин ч загнаад би 200 төгрөгөөр торгуулж явсан. Төрийн наадамд гурав давсан хүн нэг ч төгрөг авахгүй байхад, надад ойчсон муу цагдаа 200 төгрөг авлаа гээд торгуулсандаа их л шаралхаад байдаг байж билээ. Дэндүү залуу байж дээ.
Хожим намайг эрүүлжүүлнэ гээд аваад очиход, “Хөх хулгана жил” туужийг маань уншаад сууж байсан ахлах офицер нь таниад, зохиолынхоо буянаар аврагдах тохиолдол ч гарч байлаа. Би ч тэгээд тэр бүр муудалцахаа больсон доо. Жараад онд бид цагаа олж төрсөн гэж бодож баярладаг юм. 30-аад онд бол аврал байхгүй аль хэдийн баригдаж хоригдох байх даа.

ӨНӨӨ ЦАГИЙН ӨӨДРӨГ БОДЛУУД

Зодуулсан хүүхнийг нөхөр шиг нь түшнэ
Зовиурыг нь сонсч зүрх шиг нь шанална
Ядуухан өвгөнийг эмгэн шиг нь асрана
Ядмагхан хувцасны тоосыг нь гүвнэ ... Эргүүлийн цагдаа, замын цагдаа эд нар чинь бүгдээрээ л алагчилж бодохын аргагүй адилхан л ардын хүүхдүүд шүү дээ гээд “Цагдаа” найраглал минь их урт. Биднийг аварч хамгаалахын төлөө нарийхан гудамжинд хулгайчтай таарахдаа хулчийгаагүй хүмүүс юм. Хөгшид биднийг цагдаа л хамгаалж байна даа. Тэгээд цаг цагаараа байдаггүй гэж үг байдаг даа. Одооны цагдаагийн залуус боловсрол мэдлэгтэй сайхан болжээ. Үргэлж болж бүтэхгүйтэй тулж явдаг цагдаа нартаа оюун санааг нь гэрэлтэй болгох ариусгах яруусгах талаас нь сайхан зүйлүүд ярьж өг гэвэл би татгалзахгүй. Цаг цагийн шуурганд өртөлгүй харанхуй шөнө айхаа мэдэхгүй ажилаа хийсээр байгаад 90 гаруй жил болчихсон байна. Ингээд л бод. Оросын их яруу найрагч Владимир Майковский “Миний цагдан сэргийлэх намайг намайг хамгаална” гэж хэлснийг одоо миний цагдаа намайг хамгаална гэж ярих болжээ. Тэр үедээ сэхээтнүүд бидэнтэй бол таарахгүй үг байсан даа.
Одоо бүх зүйл өөрчлөгдөж сайхан цаг ирсэн. Төр засгийн зөв бодлого цагдаагийн алба хаагч нарт үгүйлэгдэж байгааг би бас хэлмээр байна. Орчин үед цагдаагийн зан харилцаа бидний үеийнхээс бол их өөр болсон. Монголын төр ухаантай бол цагдаагаа харж үзэх ёстой. Би ингэж л боддог. Биднийг хайрлаж хамгаалж байгаа хүмүүс бол цагдаа л байна даа .Тархиндаа сумтай Гончигдорж өөд болтлоо албандаа үнэнч байсныг одоо цагийн залуус мэдэж байх ёстой. Миний найраглалд цагдаагүй бол харанхуй шөнө гэрэлгүй гудамжаар яваа юм шиг түгшүүртэй, халаасны хулгайчид хамаг юмаа суйлуулсан юм шиг шаналгаатай, цагдаагүй бол сохорсон хүнтэй адил, гаргүй хүнтэй ижил гэдэг бол миний ард түмэндээ хандсан чин сэтгэлийн үг юм шүү.
Цагдаа-Тусгаар тогтносон эх орны минь мөнхийн манаа
Цагдаа-Туургат монгол гэрийн минь энхийн харуул
Цагдаа-Тугандаа соёмботой төрийн сэргэг хараа
Цагдаа-тулгандаа галтай Монголын соргог сонор
Үг бүхэн нь тарни мэт уншигдах Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч маань Ш.Сүрэнжав гуай минь хуучрашгүй дурсамжаа бидэнд дэлгэж, хуурмаггүй үнэн сэтгэлээ шүлгээрээ илтгэж, марташгүй нандин агшин хоромоо бүхнээ дурсан ярьлаа. Хүүдээ өгөөрэй гэж өгсөн атга чихрээс нь бурхандаа өргөм найрагч минь урт наслах болтугай
Б.Төгсжаргал

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (671)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.