ДАРГАА ДУРСАН САНАХАД....

     Улсын авто техникийн хэргийн шалган байцаах газрын /Одоогийн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар/ даргаар олон жил ажилласан цагдаагийн хурандаа Самбуугийн Батсүхийн ажил, үйл хэргийн замналын талаар тус газрын ахмад ажилтан, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах нийгэмлэг, "Авто радио FM 96.3"-ын захирал, бэлтгэл хурандаа А.Саяболдтой хууч яриа өрнүүлснээ та бүхэнд толилуулж байна.

     1965 онд би анх цагдаагаар ажилд ороод хурандаа С.Батсүхийн жолоочоор  12 жил ажилласан. Батсүх хурандаа 1965 онд Өвөрхангай аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн  даргаар ажиллаж байгаад манайд  залуухан дэд хурандаа ирсэн юм. Жил гаруйн дараа цагдаагийн хурандаа цол авсан, манай газарт хамгийн олон жил буюу 15 жил даргаар ажилласан, удирдах ажилтан хүн байсан. Тус албанд анх ирээд хувцас хэрэгсэл, машин теник, тоног төхөөрөмжийг сайжруулах, албыг бэхжүүлэхэд ажлаа чиглүүлэн дэс дараатайгаар явуулсан, тухайн үеийн төр засгаас ч нэлээн харж үзсэн.

      Анх Замын цагдаагийн газар нь Улсын авто техникийн хэргийг шалган байцаах хэлтэс нэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг байсан. 1966 онд тухайн үеийн Сайд нарын зөвлөлөөс Улсын авто техникийн хэргийг шалган байцаах албыг бэхжүүлэх, сайжруулах зарим арга хэмжээний талаар 122 дугаар тогтоол гаргаж байсан. Тэр тогтоолоор замын цагдаа нар цэрэг ногоон өмд,  цэрэг шинельтэй /50-ийн бакальтай/ цэрэг маягаар хувцаслаж үүрэг гүйцэтгэдэг байсныг болиулж офицер бүрэлдэхүүний хэмжээнд хувцаслахаар зааж хөдөлгөөн зохицуулах шүгэл бусад техник хэрэгслээр хангах, шаардагдах төсөв зардалтай болгох, 5-аас дээш жил үр бүтээлтэй, идэвхтэй ажилласан цагдаа нарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох шалгалтад оруулж мэргэжил эзэмшүүлэх зэрэг арга хэмжээг авахаар заасан. Энэ бол Батсүх даргын замын цагдаад ирээд хийсэн анхны том ажил байсан. Нэлээн сүүлд цагдаа нар даарлаа гэдэг асуудал яригдахад Дарханы  цэнхэр нэхий дээл олгодог болсон, манайхаас өөр цагдаагийн алба хаагч тийм нэхий дээл өмсдөггүй байсансан.

      1965 онд намайг анх цагдаагаар орж байх үед Замын цагдаагийн алба 3 автомашинтай байсан. Нэг нь постын автобус гэх Паз автобус /улаан Цэрэндорж гэдэг жолоочтой/,  нөгөө нь жижүүрт явдаг “Газ-69” автомашин, гуравдахь нь газрын даргад явдаг алаг “М-21” /Волга/ автомашин байсан.  Дээр дурдсан 122 дугаар тогтоолоор албаны 3 автомашин хэрэглэх эрх авсан.

     “Холбоо” гэхэд өндөр барилгын дээр доороос хоорондоо холбоо барихад ашигладаг, бараг усны лааз шиг том төхөөрөмжийг автомашиныхаа багажинд хийгээд  ашигладаг байсан бөгөөд Зөвлөлт холбоот улс, Бүгд найрамдах Чех улсаас тухайн үедээ арай дэвшилтэт холбооны төхөөрөмж болон  хурд хэмжигчийг  оруулж ирж ашиглаж байсан.

     Хурандаа С.Батсүх дараа нь байрны асуудлыг шийдсэн. Батсүх даргыг ирэхэд Улсын авто техникийн хэргийг шалган байцаах хэлтэс нь одоогийн Эрүүл мэндийн яамны эсрэг талд байрлах, одоо суурин дээр нь том байшин баригдсан дээр үеийн  цагаан байшинд байрладаг байлаа. Байрны асуудлыг холбогдох газруудад тавьсаар байгаад  зөвшөөрөл гаргуулж, хөрөнгө мөнгийг шийдүүлэн Нийгмийг аюулаас хамгаалах яамны барилга, Засангийн барилга гэсэн газруудаар одоогийн Замын цагдаагийн газрын байрлаж байгаа  барилгыг /тухайн үедээ 2 давхар барилга баригдсан/ бариулж  Зөвлөлтийн барилгын трестийн удирдлага, оросуудтай ярьж байгаад орчноо бетондуулан зам талбайг тохижуулж, төв замтай холбуулан одоогийн дүр төрхөнд нь оруулсан.

     Тухайн үед одооных шиг жолоочийн согтуурлыг шалгаж илрүүлдэг “Драгер” багаж гэж байгаагүй, замын цагдаа жолоочийн согтуурлыг шалгахдаа өвөл бол тээврийн хэрэгслийнх нь цонх цантсан бол, зун бол машинаас нь буулгаж ирээд салхины доод талд нь зогсож байгаад согтуурлыг илрүүлдэг байлаа.   Хурандаа С.Батсүх ярьж байгаад Төмөр замын машинистуудыг ажилд гарахад нь шалгадаг,  2 тал нь битүү,  дундаа шар өнгийн бодистой, хуруу орчим жижиг шилэн гуурс бүхий илрүүлэгчийг /Индикатор/ авч ашигласан. Согтуурлыг шалгахдаа хоёр талыг нь хагалж үлээлгээд цэнхэр өнгөтэй болж хувирахад нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж тогтоодог байлаа.

      Согтуугаар автомашин жолоодсон жолооч нарт ямар нэгэн байдлаар хариуцлага тооцох арга хэмжээ хуульд тусгайлан заагаагүй байсныг санаачлан “Архи уусан жолоочийн уусан хэмжээ, зөрчлийг харгалзан зургаан сараас 2 жил хугацаагаар тээврийн хэрэгсэл  жолоодох эрхийг хасах, торгох” зарлигийн төсөл боловсруулж батлуулж байсан.

   Мөн “Замын хөдөлгөөний дүрэм”-ийг 1966 онд шинэчлэн боловсруулж  батлуулан тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ архи, согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн жолоочид хариуцлага тооцох тухай АИХ-ын 13 дугаар зарлиг, Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээний тухай МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн   тогтоол, 1968 онд “Жолооч нарын боловсролыг дээшлүүлэх тухай” Сайд нарын зөвлөлийн тогтоол, “Жолооч нарын эрүүл мэндийг шалгаж байх тухай тогтоол”, “Авто тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх ажлыг журамтай болох тухай тогтоол” зэрэг олон тогтоол шийдвэрийг  газрын даргаар ажиллаж байх үедээ гаргуулж хэрэгжүүлж эхэлсэн байдаг юм.

     Ажиллах хугацаандаа олон ч хүнийг ажилд сургаж дадлагажуулсан, би ч хажууд нь дагалдан ажиллаж байгаад дараа нь өөр ажилд дэвшин ажиллах болсон. Ажилтнуудынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд, мэргэжлийн боловсон хүчнээр хангахад онцгой анхаарч ирсэн. Политехникийн дээд сургууль төгссөн, авто инженер мэргэжилтэй хүмүүсийг ажилд их авдаг байсан, мөн ЗХУ-ын “Орёл” хотод байцаагч ажилтнуудаа явуулж мэргэшүүлж бэлтгэдэг болсон. Хүнийг их зөв сонгож ажилд авдаг байсан. Ялангуяа Мэргэжлийн комиссыг дээд боловсролтой боловсон хүчнээр бүрэн хангахыг зорьсон, түүнийг ажиллаж байх үед С.Пионер, Дүгэрээ зэрэг хүмүүс Мэргэжлийн комиссын даргаар томилогдон ажиллаж байв.

   Үүнээс гадна хөдөлгөөнийг зохион байгуулж зохицуулан журамлах, түүний соёлыг дээшлүүлж аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол хэрэг, зөрчлөөс  урьдчилан сэргийлж, илрүүлэн тэмцэх ажлыг боловсронгуй болгоход анхаарч ажилладаг байв.

    Авто тээврийн хэрэгслийн үзлэгийг улсын комисстой хамтран жил бүр явуулж илэрсэн дутагдлыг арилгах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хууль дүрмийн мэдлэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх арга хэмжээг авдаг байсан.

      Ургацын комисст олон жил /15 жил/ гишүүнээр ажиллаж байсан. Зарим жил ургац хурааж байгаа үед би даргыг хүлээн Төрийн ордон, Засгийн газрын ордны гадаа бараг өнждөг байсан. Тухайн үед өнөөдрийнхтэй адилгүй, тариа, будаа, ногоогоо тээвэрлэх, ургац хураах ажлыг төр засгаас зохион байгуулж явуулдаг байсан.

     Дарга маань эзэнгүй хэрэг гарахад өөрөө ирээд, тактик боловсруулан хамт илрүүлдэг байсан, өөрөө ч чекист хүн байсан. Тэр үед цөөхөн ч амины автомашинтай 1800 цаг гэхэд бүгд парк гараждаа тавьдаг байсан тул илрүүлэхэд ч амар байсан.

    Хурандаа С.Батсүх хүнийхээ хувьд дэндүү даруу хүн байсан. Огцом ширүүн зангүй, уурлаж уцаарладаггүй, хүнтэй нийлэмжтэй, хүний үгээр үг хийдэггүй, өөрийн гэсэн бодолтой хүн байсан.

      Залуу ажилтнууд, цагдаа нарт яриа лекц хийхдээ өөрсдийнх нь аюулгүй байдлын талаар их ярьж сургадаг байсан. Цагдаа хүн нэг юмны булангаар гарахад яаж гарах вэ? гээд л сургадаг, өөрсдийнхөө аюулгүй байдлыг  хангаж ажиллахын тулд яах ёстой талаар их ярьдаг байсан. Хүнтэй яаж харьцах вэ? Жолоочтой яаж ярих вэ? гэдэг талаар их ярьдаг, эхлээд мэнд усаа мэдээд бичиг баримтыг нь шалгаад, гаргасан зөрчлийг нь эвтэйхэн хэлж ойлгуулж бай гэж зааж сургадаг жинхэнэ мэргэжлийн чекист, цагдаа хүн байсан.

    Хурандаа С.Батсүх Замын цагдаагийн албыг яах аргагүй өөд нь татсан, дээрх бүгдийг байр байранд нь тавьж бэхжүүлсэн хүн гэж би боддог. Дотоод гадаад харилцааг ч бэхжүүлэхэд онцгой анхаарч Зөвлөлт холбоот улс, баруун европын улсуудтай холбогдох замыг нь анх гаргасан хүн.

   Ийм байдлаар Улсын авто техникийн хэргийг шалган байцаах хэлтсийг Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газар болгож бэхжүүлээд  НАХЯ-ны  3 дугаар газрын Намын хорооны даргаар ажиллахаар явсан даа...

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (694)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.