Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгана

        Улаанбаатар хотын хэмжээнд 2014 онд 27491 зам тээврийн осол, хэрэг бүртгэгдсэний 1542 нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоноос үйлдэгдсэний 1001 жолооч, 366 явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцож яваад  зам тээврийн осол, хэрэгт өртсөн байна. Он гарсаар 2015 оны 01 дүгээр сард согтуугаар  замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол, хэрэгт 150 хүн /үүнээс тээврийн хэрэгсэл жолоодсон 102, явган зорчигчоор 48 хүн/ өртсөн байна.

         Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн 2014 онд  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 30835 зөрчил илрүүлэн Монгол улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар 26714 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 4958 хүнийг 7-30 хоногийн хугацаагаар шүүхээр баривчлуулсан, 2015 оны 01 дүгээр сард  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2314 зөрчил илрүүлсэн байна.

      Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил, үүнээс үүдэн гарах зам тээврийн осол, хэрэг  өсөх хандлагатай байгаа нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, аль 1992 онд батлагдсан Захиргааны хариуцлагын тухай хуульд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нарт хүлээлгэх хариуцлага сул, цаг үеийн шаардлагад нийцэхгүй байгаагаас шалтгаалж байна.

         Иймээс тус газраас, шинээр боловсруулж байгаа “Гэмт хэргийн тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль”-ийн төсөлд оруулах санал, Улсын их хурлын гишүүн Батхүү, Батчимэг нарын санаачлан шинэчлэн найруулж буй “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-д оруулах нэмэлт өөрчлөлт,  УИХ-ын Эмэгтэй гишүүдийн санаачилсан “Захиргааны хариуцлагын тухай тухай хууль”-н  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах заалтад   нэмж оруулах саналуудаа гадаад орнуудын хуулиудтай харьцуулан судалсны үндсэн дээр боловсруулан холбогдох газруудад хүргүүлээд байгаа юм. 

      УИХ-ын Эмэгтэй гишүүдийн санаачлагаар Төрийн ордонд явагдсан “Согтуу жолооч-Хүүхдийн амь нас” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах олон саналууд гарч байсан.

     Эмэгтэй гишүүдийн санаачлага, хүчин чармайлтын үр дүн гарч төсвийн тодотгол хэлэлцэх үед Баянсэлэнгэ гишүүн согтуурал шалгах Драгер багаж худалдан авах 450 сая төгрөгийг батлуулж чадсан байна. Ийнхүү шат дараалсан арга хэмжээ авах замаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нартай хийх тэмцлийг эрчимжүүлж байна.

      Та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн л бол үүргээ ухамсарлан жолооны ард бүү суугаарай, таны гарт өөрийн тань болон бусдын амь нас байгаа гэдгийг үргэлж санаж яваарай.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (814)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.