Үхлийг аргалж чадахгүй буюу дүрэм зөрчигсөд

Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийнхантай өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт /I.16/ Яармагийн шинэ зам дагуу эргүүл хийж, энэ удаагийн шөнийн сурвалжлагаа бэлтгэлээ. Учир нь Хан-Уул дүүрэгт өнгөрсөн онд 36 хүн зам тээврийн ослоор амь насаа алдсанаас бидний нэрлэж заншсанаар “Яармагийн зам” дээр 21 нь нас барсан байх юм. Он гараад хэдхэн хонож байхад мөн нэг хүн тэр замд амь эрсэджээ.

-Яармагийн эмнэлгийн тушаа замын хэсэгт гарц байхгүй бөгөөд яг энэ хэсэгт 21 хүн бурхан болсон байна-

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Яармагийн гүүрнээс Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын ажлыг хийж гүйцэтгэн ашиглалтад авсан нь саяхан. Яармагийн замыг шинэчлэн засварлахдаа өмнө байсан замаас зорчих хэсгийг өргөтгөсөн юм. Яармагийн замаар гадаад дотоодын олон арван зочид зорчдог. Нисэхээс хотын төв рүү орох ганц зам болохоор “Нийслэлийн  нүүр царай” ч гэх нь бий. Гэтэл өргөтгөн шинэчилсэн замыг  хүмүүс “Хурдны зам” гэж ойлгосон гэдгийг замын цагдаа нар учирлаж байлаа. Уг нь бол уг замд 60 км/цагаас илүү хурдтай явахыг хориглодог байна.

Гэсэн ч жолооч нар хурд хэтрүүлж, улаан гэрлээр гарч, явган зорчигчид гарцгүй газраар хөлхөлдсөөр...

“АНУ-ын нэг хотын хурдны замын гарцгүй газраар хүмүүс зам хөндлөн гараад байхаар нь албаныхан очиж шалгатал тэр хавийн нэг үйлдвэрт хэсэг монгол хүмүүс ажилд орсон байжээ” гэсэн яриаг хэтрүүлэг гэж боддог ч  бараг үнэн аж. Учир нь Яармагийн эмнэлгийн тушаа замын хэсэгт гарц байхгүй бөгөөд яг л энэ хэсэгт 21 хүн бурхан болсон байна.

Үдшийн 23:00 цагийн орчимд бид Яармагийн зам дээр замын цагдаа нартай хамтран хурд хэмжигчээр шалгаж үзэхэд ихэнх жолооч 70-аас дээш километрийн хурдтай давхиж байлаа. Хурд хэтрүүлсэн нөхдүүдийг зогсоож, яагаад хурд хэтрүүлсэн талаар нь, энэ зам дээр хэдэн км/цагийн хурдтай явах ёстойг нь асуухад “Нисэх буудлаас хүн тосох гээд яараад...”, “Хурдтай яваагаа анзаарсангүй” гэсэн хариултыг өгч байлаа.

Энэхүү зам дээр 60км/цагаас илүү хурдтай явахыг хориглодог.

Согтолтын хэмжээ 0,19-өөс бага бол тухайн жолоочийг дахиж архи уухгүй байхыг анхааруулаад явуулдаг.

Үүнээс гадна шөнө оройн цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч нар ихээр зорчдог гэдгийг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад  Б.Энхболд хэлсэн юм. Тиймээс ч бид ганц нэгэн тээврийн хэрэгслийг зогсоож жолооч нарыг нь “үлээлгэж” үзэхийг хүслээ.

Хэдэн жилийн өмнө гарсан Монголын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт оролцогчдоор архи уусан жолоочийг илрүүлэх даалгавар өгөхөд зөн билэгтнүүдээс илүү замын цагдаа нар согтуу жолоочийг илрүүлж байсан юм. Ажил мэргэжлийн онцлогоос ч тэр үү цагдаа нар архи уусан хүмүүсийг анддаггүй юм билээ. Бидэнтэй хамт шөнийн сурвалжлагад гарсан ахмад маань хэсэг машиныг өнгөрөөж байснаа  нэгэн жижиг тэргийг зогсохыг сануулж дохилоо. Ахмад андуурсангүй, жолооч нь согтуу байв. Машинаасаа буумагц нь бид яриа авах гэсэн боловч өнөөх согтуу жолооч Яармагийн гэр хорооллыг чиглэн хар хурдаараа талийв. Өнөө машин тэрэг ч яалаа хөөрхий. Хэвлэлээр гарч “онигоо” болохгүй гэсэн бодол л согтуу ухаанд нь нэн тэргүүнд буусан бололтой. Дашрамд нэг зүйлийг зориуд тэмдэглэн хэлэхэд архи уусан үедээ жолоо барьж яваа хүнийг үлээлгэж үзээд согтолтын зэрэг нь 0,19-өөс бага байх юм бол эрүүл жолооч дуудуулан дахин ийм үйлдэл гаргахгүй байхыг зөвлөөд явуулдаг байна. Харин энэ хэмжээнээс хэтэрвэл ямар ч “найраа” байхгүй эрх хасна.

Яармагийн замд осол аваар дахин дахин гарч байгаагийн шалтгаан нь жолооч, явган зорчигчийн буруугаас гадна хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг байна. Замын гэрэлтүүлэг хэсэг хэсэг газраа асдаггүйн дээр явган зорчигчийг тусгаарласан хашаа, хайс байдаггүйгаас хүмүүс гэмтэж бэртэн амь насаа алдсаар  байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа. Явган зорчигчийн хэсгийг тусгаарласан хайс хийснээр зам тээврийн осолд өртөх тохиолдыг эрс багасгасан хамгийн тод жишээ бол Барс захын хойд зам гэдгийг хүн бүр мэдэх байх. Хайс хийхээс өмнө тэр хавьд бараг л дайны галын шугам мэт байсныг ч санах биз.Тиймээс л Яармагийн замд нэн тэргүүнд явган зорчигчийг тусгаарласан хайс хэрэгтэйг замын цагдаа нар маань бидэнд байн, байн сануулж явлаа.

“Яармагийн зам” гэрэлтүүлэг хангалтгүй, явган зорчигчийг тусгаарласан хайс байхгүй.

Шөнийн сурвалжлагаар явж байхдаа “Бусдын нүд хуурах” гэдэг үгийг амьдрал дээр биелэхийг харлаа. Жолооч нар  жирийн цагт нисэх мэт давхин өнгөрдөг хэр нь хэд, хэдэн цагдаа нар хэвлэлийнхэнтэй хамт байгааг хармагцаа  шууд хурдаа хасан “мөлхөж” байлаа.

Жирийн цагт энэ зам дээр бараг 200 хүргэж хурдалдаг том, том машинууд хүртэл хажуугаар ёслох шахаад өнгөрч байв. Харин биднээс 200-300 метр өнгөрөөд тийрэлт хөдөлгүүр залгачихав уу л гэлтэй алга болж өгнө. Үүнийг харж зогссон цагдаагийн ахлах ахлагч нэгэн “Хөөрхий биднийг л аргалаад байна гэж боддог юм шиг байгаа юм. Яг үнэндээ үхлийг аргалж чадахгүй шүү дээ” гэж хэлсэн нь “нүд хариулан” дүрэм зөрчдөг, гарцгүй газраар цувдаг, хурд хэтрүүлдэг, согтуугаар машин жолооддог нөхдүүдэд бүгдэд сонсгомоор үг санагдсан юм.

Үнэхээр бид нэг удаа, хоёр удаа бусдыг хуурч, торгуулахгүй, эрхээ хасуулахгүй, цаг хожиж гарцгүй газраар гүйгээд гарчихаж болно. Харин “Олон хавар нэгэндээ” гэдэг шиг нэг л өдөр таны хайртай хүн, эсвэл хэн нэгний дотны хүн, үгүй бол та ч өөрөө бэртэж гэмтэх, цаашлаад амь насаа алдах нь жолоос таны, миний, бидний болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас шалтгаална гэдгийг хэзээ ойлгох вэ?

 

Т.ДАРХАНХӨВСГӨЛ, Н.БАТМӨНХ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (645)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.