СОГТУУ ЖОЛООЧ ОЛОНТОЙ УЛААНБААТАРЫН ШӨНӨ

СОГТУУ ЖОЛООЧ ОЛОНТОЙ УЛААНБААТАРЫН ШӨНӨ

 Нийслэл хотын замын хөдөлгөөн жил ирэх тусам ихсэн ачааллаа дааж ядах болсон. Энэ дүр төрх нийслэлчүүдэд хэдийнэ танил болсон учраас авто замын ачааллыг шөнийг цагаар тольдохоор манай сурвалжлах баг Баянзүрх дүргийн Замын цагдаагийн тасгийг зорьсон юм. Арванхоёрдугаар сард шинэ жилийн баярын уур амьсгал орж, байгууллага бүр шилдгүүдээ тодруулан баяраа тэмдэглэдэг учраас цагдаагийнханы ачаалал ихэсдэг юм. Тиймээс бид амралтын өдрийг сонгон авч ийнхүү замын цагдаагийнхантай хамт ажиллалаа.

20.00 цаг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн даргын өрөөнд замын цагдаагийн оройн ээлжийн албан хаагчид хуралдан, өөр өөрсдийн чиглэлийн дагуу үүрэг аван ажилдаа гарсан юм. Манай сурвалжлах баг ахмад Д.Батзориг, Н.Даваадорж, ахлах ахлагч Г.Алтансүх нарын хамт ажиллахаар болов.

 Ослын газраас зугтсан “жолоочгүй” автомашин

 20.30 цаг ЗЦГ-аас ирсэн явган зорчигч автомашинд мөргүүлсэн дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгаас тухайн газрыг зорилоо. Биднийг очиход дуудлага өгсөн иргэн тухайн газарт байсангүй. Утсаар нь түүнтэй холбогдон тодруулахад тэрээр “....улсын дугаартай саарал өнгийн “Аксент” маркийн автомашин түүнийг зам хөндлөн гарч байхад хөл шүргээд зогссон. Элдэв үгээр доромжлоод яваад өгсөн. Одоо гэртээ байна. Баруун хөл бага зэрэг доголж байгаа ч гайгүй. Түүнд арга хэмжээ аваарай. Гомдолтой байна” гэв. Тухайн хохирогчийн хэлсэнчлэн хүн шүргээд хэргийн газраас зугтсан авто тээврийн талаарх мэдээллийг төв рүү холбоогоор хэлсэн юм. Харин тэндээс холдоогүй байхдаа хэргийн газраас зугтсан автомашиныг олж, жолоочийг нь шалгахад тэрээр жолооч нь ойрхон дэлгүүр орохоор явсан хэмээн хэлсэн ч хохирогчийн хэлсэн хүнтэй тухайн хүний өмсөж явсан хувцас, царай төрх таарч байсан учраас шалгасан юм. Тэрээр жолоодох эрхийн үнэмлэхгүй автомашин жолоодож явахдаа ийнхүү осол гарган зугтсан байлаа. Ийнхүү жолоочгүй автомашины гаргасан ослыг цаг алдалгүй илрүүлэн, түүнийг Замын цагдаагийн газарт тээврийн хэрэгслийн хамт хүлээлгэн өгсөн юм.

20.54 цаг Хэдийгээр амралтын өдөр ч замын хөдөлгөөн ачаалал ихтэй байсан учраас “Sunday” худалдааны төвийн уулзвар дээр замын зохицуулалт хийн ажиллалаа. Амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй учраас 22.30 цаг хүртэл тээврийн хэрэгслийн нягтрал их байдаг аж.

 Шөнө хаялсан цас  жолооч нарын сонор, сэрэмжийг шалгалаа

21.10 цагт Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагч, ахмад Н.Алтангэрэлийн хамт “Чингис” зочид буудлын урд талын зам дээр гарсан ослын газарт очлоо. Уг зам дээр “Prius 20” маркийн автомашины араас “Runx” маркийн автомашин мөргөсөн байв. Энэ шөнө бага зэрэг цас хаялан орсон нь жолооч нараас замын хөдөлгөөний аюулгүй ажиллагааны шалгалт авсан юм. Тэрээр уг хэргийн газарт хэмжилт хийн тасаг дээр асуудлуудыг нь шийдэхээр болсон юм. Жолооч нар авто тээврийн хэрэгслийн даатгал болон жолоочийн хариуцлагын даатгалтай байсан бөгөөд даатгалын компанийг цаг тухайд нь хэргийн газарт ирэхгүй байгаа талаар гомдоллож байлаа.

 Иргэд цагдаагийн байгууллагад өгсөн дуудлагаа бараг л мартчихдаг

21.30 цаг Сансараас Их Засаг сургууль руу явдаг уулзвар дээр явган зорчигч автомашинд шүргүүллээ, тээврийн хэрэгсэл нь зугтсан гэсэн дуудлага ирсэн юм. Тухайн дуудлагын дагуу хэргийн газарт очсон ч дуудлага өгсөн иргэн 4 дүгээр хороололд явж байна. Миний бие гайгүй хэмээгээд хэргийн талаарх мэдээллийг өгсөн юм. Иргэдээс замын цагдаагийн байгууллагад замын хөдөлгөөнд оролцож байх үедээ тээврийн хэрэгсэлд шүргүүлсэн дуудлага олон ирдэг юм байна. Гэхдээ цагдаагийн байгууллагынхан дуудлагын дагуу ирэхэд хэдийнээ тухайн газраас явчихсан байсан бөгөөд дуудлага өгснөө бараг л мартчихсан өнгө аясаар “Өө би зүгээр” хэмээн утсаар тоомжиргүй ярих аж.

 Байрныхаа гадаа байрлуулсан машиынг нь мөргөөд зугтжээ

21.50 цаг Байрныхаа гадаа байрлуулсан автомашиныг нь мөргөөд зугтжээ гэсэн дуудлагын дагуу “Сэлэнгэ” зочид буудлын дэргэдэх 32 дугаар байрыг зорьсон юм. Биднийг очиход автомашины эзэн байсан бөгөөд түүнийг машиныг “Rav-4” маркийн саарал өнгийн автомашины жолооч /тухайн үед уг ослын харсан иргэн автомашины эзэн рүү нь утсаар нь холбогдон зөрчил гаргаад зугтсан машины марк, улсын дугаарыг хэлж өгсөн аж/ зүүн талын дунд хэсгээс шүргэн улмаар арын куберыг нь мөргөж хугалаад хэргийн газраас зугтсан байлаа. Гэвч тухайн иргэний мэдээлсэн автомашины серийн дугаарыг “Police Rider” төхөөрөмжид оруулан шалгасан ч марк, өнгө нь зөрж байсан юм. Иймээс түүнийг даатгалаа дуудан тасаг дээр очиж асуудлаа шийдүүлэхийг зөвлөн ослын газарт хэмжилт хийн эд мөрийн баримтыг аван дараагийн дуудлага руу явсан юм.

 Тэд дүрэм ярьдаг ч амьдрал дээр гэрлээ булаацалдан мөргөлддөг

22.08 цаг Бөхийн өргөөний уулзвар дээр нийтийн тээврийн том оврын автобус, тройлебустай мөргөлдсөн дуудлагын дагуу тухайн уулзвар дээр очлоо. Уг ослын дуудлага өгсний дараа бидний очих замд дахин уг уулзварын голд хоёр жижиг тэрэг мөргөлдөн ослын гэрлээ асаан зогссон байлаа. Тэд цагдаагийн байгууллагын ажилтныг хэмжилт хйих зуурт дүрмээ маш сайн ярих хэдий ч амьдрал дээр хөдөлгөөн дуусгаж байгаа тээврийн хэрэгсэлд хөдөлгөөн эхлүүлж байгаа нь зам тавьж өгөлгүй гэрлээ булаацалдсанаас үүдэн дээрх осол гарчээ.

22.30 цагт Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасаг дээр очиж, хэргийн газарт хэмжилт хийсэн иргэдийн гомдол, саналыг хүлээн авсан юм.

 Багаж үлээх чадваргүй ч жолоо барьжээ

23.02 цагт Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасаг дээр ахмад Д.Батзориг, ахлах ахлагч Г.Алтансүх нар Улаанхуарангийн эцсийн рестораны зогсоол дээрээс замын хөдөлгөөнд оролцох гэж байсан согтуу жолоочийг журамлан хэсэг дээрээ авчирсан юм. Тэрээр би тээврийн хэрэгсэл жолоодоогүй, согтуугаар замын хөдөлгөөнд оролцоогүй хэмээн мэлзсэн ч арын машин гарах гээд аргагүйн эрхэнд л хашаан дотор машинаа хөдөлгөсөн хэмээн ярьсан юм. Мөн тэрээр цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй бөгөөд согтолтын зэргийг нь тодорхойлохоор үлээх багажийг ашигласан ч багаж “хангалтгүй үлээсэн” хэмээх үзүүлэлтийг заасан юм. Тэрээр нэг л шил пиво уусан гэж хэлсэн ч амьсгалаа таслахгүй 10 секунд ч үлээх чадваргүй болтлоо согтууруулах ундаа хэрэглэсэн байсан юм.

 Байгууллагын нэр дээрх машиныхаа торгуулийг

төлөөгүйн улмаас журмын хашаа руу ачууллаа

 23.30 цаг Цагдаагийн академийн хойд талын туслах зам дээр шалгалтад гарсан юм. Уг зам дээр дунд оврын автомашинд шалгалт хийхэд олон удаагийн зөрчилтэй, торгуулиа төлөөгүй, эрэн сурвалжлагдаж байгаа тээврийн хэрэгсэл байсан учраас журмын хашаа руу ачуулсан юм. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч хэдийгээр зөрчилгүй гаргаагүй ч “Police Rider” төхөөрөмжид оруулсан улсын дугаар нь ийнхүү дээрх зөрчилтэй болохыг мэдээлсэн юм. Тиймээс албан байгууллагын нэр дээрх автомашиныг жолооч нар сэлгэн унах нь ийнхүү эрсдлийг үүсгэж байгаа талаар замын цагдаа нар ярьж байлаа.

 Согтуугаар тээврийн хэрэгсэл барин шон мөргөсөн жолооч хэргээсээ мэлзэв

00.30 цаг “Sunjin” зочид буудал руу явдаг туслах зам дээр “Prius 20” маркийн тээврийн хэрэгслийн жолооч согтуугаар замын хөдөлгөөнд оролцон ухрахдаа гэрлийн шонг мөргөжээ.  Тэрээр би машин бариагүй өөр хүн барьж байгаад зугтсан хэмээн ярьсан ч түүнтэй хамт явсан хамаатных нь дүү болох залуу “Ах аа та бариад мөргөсөн шүү дээ. Үнэнээ хэлээд машинаа ачуулчих. Хоёулаа харья” гэсэн ч тэрээр Замын цагдаагийн хэсэг дээр иртлээ хэргээ хүлээхгүй байсан бөгөөд цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй согтууруулах зэрэг тогтоох багажийг үлээгээгүй юм. Иймээс түүнийг Баянзүрх дүүргийн эрүүлжүүлэхэд хүлээлгэн өгч, тээврийн хэрэгслийг нь ачсан юм.

 Хоёр нялх хүүхэдтэйгээ учирлан хэргээ хүлээсэн согтуу жолооч

01.24 цаг 84 дүгээр сургуулийн урд талын туслах зам дээр эргүүл хийж явтал байрны дундаас “Соната” маркийн автомашин эргэлт дээр хурдтайгаар гарч ирэн хажуугийн гараж руу давхин орсон юм. Араас нь шалгахаар биднийг очиход тэрээр машинаасаа буун ойролцоох зогсож байсан жижиг тэрэгний арын суудалд суусан юм. Түүнийг шалгахаар шаардлага тавихад тэрээр “Юу болсон юм бэ. Би машин бариагүй” хэмээн уцаарлангуй найз нар нь цагдаа нар руу агсран маргаан үүсгэсэн ч тасаг дээр очин хэргийг нь шийдвэрлэхэд тэрээр уучлал гуйн “Байгууллагынхаа шинэ жилийг тараад харьж явсан юм. Ойрхон хэдэн зуун метр л газар машин барьсан. Миний буруу, эрхээ хасуулъя. Би хоёр нялх хүүхэдтэй эрүүлжүүлэхэд хономооргүй байна” хэмээн учирлан гэр рүүгээ явсан юм. Өнөөх согтуу агсраад байсан найз нь цагдаагийн албан хаагчдаас уучлалт гуйн найзынхаа хамт явлаа.

 Ахиад л дуудлага өгсөн иргэн гэртээ ирчихсэн “Би зүгээр” гэв

02.10 цаг Эрдэнэтолгойд тээврийн хэрэгсэл зорчигч шүргээд зугтсан дуудлагын дагуу газар дээр нь очтол дахиад л дуудлага өгсөн иргэн “Гэртээ байна, шүргэсэн машин нь зугтчихсан биеийн байдал гайгүй” гээд тухайн машины серийн дугаар, мэдээллийг өгсөн юм. Хэрвээ иргэд дуудлага өгчихөөд хэргийн газраас явсан тохиолдолд эргээд цагдаагийн байгууллагад мэдээлдэг болохгүй бол энэ мэт хэргийн араас тэд цаг минуттай уралдан таны дуудлагын дагуу газар дээр нь очсоор байгаа гэдгийг бодох л хэрэгтэй болов уу. 

 Хожимдсон харуусал

03.05 цаг 84 дүгээр сургуулийн урд талын туслах зам дээр шалгалт хийн согтуу жолоочийг илрүүлсэн юм. Тэрээр байгууллагынхаа шинэ жилийн баярыг тараад харьж явсан. Би бараг л гэрийнхээ гадаа ирчихлээ. Нэг пиво, нэг хундага шампанск уусан хэмээн хэлсэн түүний согтолтын зэрэг 0.97 хувьтай гарсан юм. Ингээд түүний машиныг нь авч явах эрүүл жолооч дуудахыг хүссэн асуумж авч, маргааш хэсэг дээр  очиж уулзан асуудлаа шийдүүлэх ёстойг хэлсэн юм. Тэрээр миний эрхийг л битгий хасаарай, би ажилгүй болно шүү дээ. Ойлгоорой” гэсээр үлдсэн. Уг нь ингэж ярихын оронд тэрээр уусан гэдгээ мэдэж л байгаагаас хойш дуудлагын жолооч дуудах юм уу эсвэл такси бариад харьж болох л байлаа.

 Хахууль амласан согтуу жолооч

03:32 цаг XIII дугаар хорооллын байрны дундах туслах зам дээр цагаан өнгийн “Бенз” машины жолоочийг шалгахад тэрээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогдсон юм. Найз нарынхаа хамт 4-үүлээ байсан тэд цагдаа нарыг ээрэн янз бүрээр л царайчлан гуйна. “Битгий эрх хасаарай, гуйж байна, надад одоо бэлэн мөнгө алга, АТМ ороод 300 мянган төгрөг аваад ирье. Тэгэх үү, ах нар аа” хэмээн зогсоо зайгүй гуйна. Ажлаа хийж байгаа цагдаа нарт тэд тань руу сая ... гэдэг цагдаа ярьсан уу, одоо ярина, та эрхийг нь битгий хасаарай хэмээнэ. Тэд ойрхон баарнаас гарсан 100 метр газарт л байрлах гаражд нь ахынхаа машиныг тавихаар явсан аж. Уухаасаа өмнө энэ тухай бодох ёстой байж. Эсвэл дуудлагын жолооч дуудан асуудлаа зохицуулж болох л байсан.  Түүнийг үлээлгэхэд согтууруулах ундааны хэмжээ нь 0.89 хувьтай гарсан учраас асуумж аван маргааш тасаг дээр асуудлаа шийдүүлэхийг сануулаад машиныг нь журмын хашаа руу ачуулсан юм. Хэдийгээр түүний гараж ойрхон ч тэд машинаа эргээд унаад гарахгүй гэх баталгаа байхгүй учраас ийнхүү урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байлаа.

 Зам тээврийн ноцтой осол

04.00 цаг Зүүн дөрвөн замын уулзвар дээр зам тээврийн ослын дуудлагын дагуу ирэхэд суудлын жижиг тэргүүд мөргөлдсөн ноцтой осол гарсан байлаа. Тэд халтиргаатай зам дээр хурд хэтрүүлэн явсаны улмаас дээрх ноцтой осол гарсан бөгөөд өнөөх л гэрлэн дохионы зохицуулалтыг зөрчсөнөөс үүдэлтэй аж. Аюулгүйн дэр нь задарсан дээрх хоёр машин аль нь замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болтлоо эвдрэл авсан байсан учраас ачилтын машинаар журмын хашаа руу ачлаа. Жолооч нарыг шалгахад согтууруулах ундаа хэрэглээгүй нь багажаар тогтоогдсон бөгөөд тэд  өөр өөрийн өнцгөөс зөвтгөсөн мэдүүлгийг цагдаагийн албан хаагчид өгсөн юм. Цагдаагийн албан хаагчид хэргийн газарт хэмжилт жолооч нарт танилцуулсан. Тэд тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан учраас даатгалын компанидаа дуудлага өгсөн байна. Гэвч тэдэнд яг одоо очих боломжгүй, ачаалалтай байгаа учраас автомашинаа ачуулаад замын цагдаагийн хэлтэс дээр очоод хүлээж байгаарай хэмээн хариулжээ. Уг осол гарсан газар дөрвөн замын уулзвар байсан учраас цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллан замыг чөлөөллөө.

 Согтуугаар жолоо барин осол гаргаад хамт явсан эхнэрээ нуув

05.40 цаг Чулуун овооны уулзварт гарсан ослын дуудлагын дагуу газар дээр нь очлоо. Хэргийн газарт суудлын автомашин уг эргэлтийн цагдаагийн хэсгийн наад талын замын боржурыг тас мөргөн цааш явсаар хашлага дээр хамраараа өлгөгдсөн байдалтай байлаа. Тэрээр ганцаараа жолоо барьж яваад энэхүү осол болсон. Шинэ жилээ тараад гэртээ харихаар гэлдэрч явсан юм хэмээн ярьсан ч асар хурдтайгаар эргэлт рүү орж ирэн жолоо алдаж энэхүү осол гарсан нь түүний машины явсан мөр, эд мөрийн баримтаар илт байлаа. Автомашиных нь ослын дэр задарсан байдалтай түүний толгойноос нүүр рүү цус урссан байсан юм. Түүнийг яаралтай ГССҮТ-д үзүүлэхийг хүссэн ч тэрээр би зүгээр өөрөө яваад үзүүлчинэ. Асуудал үүсгэж хүмүүс дуудахгүй намайг явуулчих, найз бүсгүй маань аваад гэмтэл явахаар ирсэн хэмээн ярьсан ч урд талын таксины жолооч болон түүний найз бүсгүйгээс хэргийн талаар асуухад түүнтэй хамт найз бүсгүй нь явж байсан нь тогтоогдсон юм. Хэдийгээр гаднаа хөнгөн мэт харагдах гэмтлийн зэрэг эрсдэлд хүргэж ч болзошгүй учраас заавал мэргэжлийн хүмүүсийг байлцуулан шалгалт хийж эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй хэмээн цагдаагийн албан хаагчид ярьсан юм. Тэд хэргийн газарт хийсэн үзлэг, шинжилгээ, иргэдээс асуусан асуумж, авсан арга хэмжээ бүрийнхээ төлөө хариуцлага хүлээдэг гэдгийг жолооч нар ойлгон үүргээ ухамсарлаж замын хөдөлгөөнд оролцдог болоосой.

        Энэ мэтчилэн жолооч нар үүргээ биелүүлэхээсээ өмнө хүний эрх ярин эрх чөлөөнд халдлаа хэмээн уурлах аж. Гэвч тэдний ганцхан зуун метрт юм чинь зүгээр биз хэмээн бодож согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь өөрсдийг нь байтугай өрөөлийг ч  эрсдэлд оруулах аюултай гэдгийг тэд мэддэг ч зөрчсөөр байгаа нь харамсалтай. Согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуулиар чангатган 1-2 жил хүртэлх хугацаагаар ял эдлүүлдэг болбол иргэдийн энэ мэт болчимгүй үйлдэл эрс багасна хэмээх яриа цахим ертөнцөд өрнөж байсан юм. Нээрээ бодох л асуудал юм. Хэн ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцоод 1-2 жилээр эрхээ хасуулан торны цаана суухыг хүсэхгүй л лавтай.

        Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр энэ оны эхний 12 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25766 хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байгаа аж.

            Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам, тээврийн осол гаргасан 909 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд  согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж 138 хүн зам, тээврийн ослоор нас барсан байна.

          Арванхоёрдугаар сарын 17-ны байдлаар 5801 зам, тээврийн ослын дуудлага Замын цагдаагийн газарт иржээ. Өнгөрсөн онд 5240 дуудлага ирж байсан бол энэ онд арай буурсан үзүүлэлттэй байгаа юм.

            Гэхдээ сүүлийн хэд хоногийн дотор ослын дуудлага харьцангуй өсч байгаа аж. Энэ нь байгууллагуудын шинэ жил болж байгаатай холбоотой юм. 

           Тиймээс иргэд замын хөдөлгөөний дүрмийг чандлан баримталж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байлаа.

 

Г.Даша |  Гэрэл зургийг Ц.Баярбаатар

http://www.eagle.mn/content/read/26628.htm /эх сурвалж/

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (718)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.