Хөхүүл эх Баривчлагдаж, хүүхдийг нь авчирч байсан ч тохиолдол бий

Ахлах дэслэгч Э.Энхболд: Хөхүүл эх Баривчлагдаж, хүүхдийг нь авчирч байсан ч тохиолдол бий
Шинэ жилийн баяр ойртон ирж байгаатай холбогдуулан иргэдийг дор бүрнээ сэрэмжтэй байж, архи согтууруулах ундааг ихээр хэрэглэхгүй, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх зэргийг холбогдoх албаныхан анхааруулаад байгаа билээ. Бид энэ талаар эрэн сурвалжиллаа.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон анхны тохиолдолд 6 сараас 2 жил хүртлэх хугацаанд жолоодох эрхийг хасдаг бол, давтан зөрчил гаргасан тохиолдолд албадан саатуулах газар 7-30 хоног саатуулах шүүхийн шийдвэр гардаг аж.
Биднийг албадан саатуулах ангид очиход тэнд саатуулагдаж байгаа дийлэнх иргэд нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зөрчил гаргасан иргэд байсан юм. Тус саатуулах газар нь өмнө нь Дэнжийн мянгын АСБТ дээр байсан бол өнгөрсөн 10-р сараас эхлэн хуучнаар "ганц худгийн хорих анги"-д саатуулагддаг болсон байна. Бид мэргэжлийн хүний тодруулгыг авахын тулд Улаанбаатар хотын цагдаагийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Энхболдтой уулзсан юм. Тэрбээр хэлэхдээ "Согтуугаар автомашин жолоодох нь 100 хувь иргэн хүний ухамсарын асуудал" хэмээж байсан. Үнэхээр иргэн та, жолооч та өөрийн хариуцлагыг ухамсарлан алаг үр, амьдралын ханиа нэг өдөр ч гэсэн элэг бүтэн, инээд баяраар дүүрэн дэргэдээ байлгаарай. Ингээд түүний ярилцлагыг уншигч таньд хүргэе.
- Нийт зам тээврийн осол аваарын хичнээн хувийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нар эзэлж байна. Сүүлийн үеийн тоо баримт, мэдээ мэдээлэлийг танилцуулаач.
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь зөвхөн манай улс оронд төдийгүй дэлхий дахинд хамгийн ноцтой зөрчил гэж үзэж байгаа. Ер нь согтуу жолооч гэдэг бол хутга барьсан алуурчинтай адил. Согтуугаар машин барьж яваа жолоочийн эрсдэл маш өндөр. Тэр автобусны буудал зогсож байгаа хүмүүсийг мөргөх, хөдөлгөөнд оролцож байгаа бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх, энгийн иргэдийг амь нас эрүүл мэндээр хохироох гээд бусдад учруулах хор уршиг маш их төдийгүй, хажуугийн шон мөргөх гэх мэтээр мөн өөрөө өөрийгөө хохироох зэрэг их аюулд унагадаг. Тиймээс үүнийг ноцтой зөрчил гэж авч үздэг. Манай улсын статистик судалгаанаас харахад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 жолооч тутмын 9 нь зам тээврийн осол гаргадаг гэсэн мэдээ байна. Өнгөрсөн 2013 оны байдлаар бол согтуугаар 39,000 жолооч Монгол улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож зөрчил гаргасан байна. Үүний 10,000 орчим нь эрхээ хасуулсан үедээ буюу, эрхээ сэргээгүй байх үед дахин машин жолоодож, 7-30 хоног баривчлагдсан байна. Ингээд бодоод үзэхээр жилд 40,000 орчим зөрчил буртгэгдэнэ гэдэг маш харамсалтай их үзүүлэлт. Харин 2014 оны эхний 10 сарын байдлаар Улаанбаатар хотод 23541 жолооч яг ийм зөрчил гаргасан байна. Үүнээс 21581 нь 6 сараас 2 жил хүртлэх хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан, 3887 нь шүүгчийн захирамжаар 7-30 хоног баривчлагдсан байна. Тэгэхээр 3887 аав, өрх гэрийн тэргүүн бодлогогүй үйлдлээсээ болж, орон гэртээ хонож чадахгүй хоригдсон байна гэсэн үг. Харин согтуугаар машин барих үедээ осол аваар гаргасан тохиолдол 723 бүртгэгдсэн байна. Мөн 249 явган зорчигч согтуу явах үедээ зам тээврийн осолд өртсөн байна. Энэ нь нийт зам тээврийн осол аваарын таван хувийг эзэлж байна. Таван хувь гэдэг бол маш ноцтой үзүүлэлт юм.
- Шийдвэрлэх ямар ямар арга зам байна. Удаа дараа давтан зөрчил гаргасан тохиолдолд яаж шийдвэрлэдэг вэ?
- Манай орны хувьд эрх зүйн бодлогод алдаатай тал их бий. Дэлхийн улс орнуудын хувьд маш олон даацтай арга хэмжээ авч ажилдаг. Тухайлбал Хятадад согтуугаар автомашин жолоодож яваад хүний амь насанд хүрсэн тохиолдолд шууд цаазаар авах ялтай байх жишээтэй. Манайд бол үүнийг захиргааны зөрчил гэж үздэг. Захиргааны зөрчилд тухайн арга хэмжээ авах хуулийн шийдвэр нь маш бага үзүүлэлттэй. Манай оронд жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн анх удаа согтуугаар машин жолоодсон бол, тээврийн хэрэгслийг журамлах, жолоочийг саатуулж, эрүүлжүүлсний дараа маргааш нь эрхийг нь хасдаг. Эрхийг нь хасахдаа захиргааны хариуцлагын тухай хуулийн 25-1-д заасны дагуу 6 сараас 2 жил хүртлэх хугацаагаар эрх хасах гэсэн ганцхан заалттай. Эрхээ хасуулсны дараа дахин согтуугаар машин жолоодсон бол тус хуулийн 25-6-д заасны дагуу 7-30 хоногийн хугацаатай шүүгчийн шийдвэрээр баривчилдаг. Өмнө нь захиргааны зөрчлийг удаа дараа гаргах юм бол тухайн иргэн дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг байсан хууль 2000 оноос өмнө байсан. Одоо энэ хуулийн заалт хэрэгжихээ больсноос хойш захиргааны зөрчлийг хэдэн ч удаа гаргасан байсан эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй. Дахин дахин хорихоос өөр шийтгэл байхгүй. Энэ нь эргээд иргэдийн ухамсарын хэмжээнд нь нөлөөлөх, хууль эрх зүйн зөрчил гаргавал нийгмээс тусгаарлагдах юм байна гэх мэт зөв ойлголтыг төрүүлж чадахгүй байна. Ингэж явсаар хүний амь нас хохироож байж л эрүүгийн хэрэг үүсч, хорих ял авдаг тохиолдол байна.
- Шинэ батлагдах хуулийн төсөлд ямар ямар нэмэлт заалтууд орсон бэ?
- Шинэ батлагдах зөрчлийн хууль болон эрүүгийн хуулинд согтуугаар машин барих нь санаатай үйлдэл юм аа, зам тээврийн санамсаргүй үйлдлээс өөрөөр зүйчлэгддэг, согтуугаар машин барих нь эрүүгийн гэмт хэрэг юмаа гээд хуулин төсөлд хэд хэдэн заалтыг оруулж өгсөн байгаа. Үүнд зөрчил гаргасан иргэнийг сонгомол байдлаар биш, шууд 2 жилээр эрхийг нь хасах, 500,000-1,000,000 хүртлэх мөнгөн торгууль оногдуулах гэх мэт заалтууд орсон байгаа. Гэхдээ энэ шинэ хууль хэрхэн батлагдаж ирэх нь тодорхойгүй байгаа.
- Энэ талаарх жолооч нарын мэдлэг боловсрол хэр байдаг бол? Яагаад ингээд давтан үйлдэл хийж, эцэст нь хүний аминд хүрч байж, ухаарч ойлгоод байна.
- Жолооч хүн бүрт үүнийг зааж сургадаг. Замын хөдөлгөөний дүрмэнд зааснаар жолооч хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно. Хууль дүрмэндээ, жолооч болж байгаа бүх хүмүүст, дээрээс нь сургууулийн хүүхдүүдэд болон хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд хүртэл аюул хохирлын тухай сурталчилдаг. Үүнийг хүн болгон мэддэг хэрнээ зөрчил гаргаад байна. Хоригдож байгаа иргэдээс сэтгэл зүйн сорил авахаар хүмүүс их энгийн юм хэлдэг. Манайх ойрхон байсан, хөнгөмсөгөөр найдсан, уухаас өөр арга байгаагүй гэх мэтээр тайлбарладаг. Үүнээс харахад иргэд маань цагдаад баригдахгүй л бол болоо гэж бодохоос бусад аюул хохирлын тухай боддоггүй. Гэтэл согтуугаар машин жолоодсноор шон мөргөж амиа алдах, бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх гэх мэт аюул хохирол маш их.
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гэмтэл хохирол учруулсан тохиолдол жилд дунджаар хэд хүрч байна?
- Өнгөрсөн оны байдлаар согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж, 140 иргэн амь насаа алдаж, 350 гаран хүн эрүүл мэндээрээ хохирсон үзүүлэлт байдаг. Жолооч нарт бас нэгэн нөлөө бий болоод байгаа нь найз нөхөд, хамт олон, цаашлаад гэр бүлийнхэн. Хүн ер нь ганцаараа хэзээ ч архи уудаггүй. Хамт уусан хүмүүс нь түүнийг шахаж уулгачаад машиныг нь унуулаад явуулж байна. Магадгүй таны баярлаад шахаж уулгасан тэр хүн чинь хэдхэн цагийн дараа хэн нэгнийг хохироох, эсвэл өөрөө амь насаараа хүртэл хохирохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр хамт уусан иргэд, хамт олон, аж ахуй нэгжүүдэд хариуцлага хүлээлгэх нь зөв гэж үзсэн учраас шинэ хуулийн төсөлд ийм заалт оруулсан байгаа. Ер нь согтуугаар машин жолоодох нь хувь хүний өөрийн ухамсарын л асуудал. Хөхүүл хүүхэдтэй хүмүүс хүртэл зөрчил гаргаж хоригдож байсан. Дараа нь хүүхдийг нь хөхүүлэхийн тулд түр саатуулах байранд авчирч хөхүүлж байсан тохиолдол бий. Энэ бол ээж аавуудын ухамсарын түвшинг л харуулж байна.
- Аливаа баяр ёслолын үеэр зам тээврийн энэ төрлийн зөрчил илүү их гардаг байх?
Одоо шинэ жил дөхөж байна. 12 сар бол хамгийн их зөрчил, осол аваар гардаг сар. Гол шалтгаан нь иргэд аж ахуй нэгжүүдийн шинэ жилийн баяр. Явган иргэд, тээврийн хэрэгсэлтэй иргэд гээд хөдөлгөөнд оролцогсодын дийлэнх нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг. Тэгэхээр байгууллагууд энэ тал дээр анхааралтай ажиллаж, баярын дараа ажилчидаа нийтээр нь гэр гэрт нь хүргэж өгөх, машинтай ирсэн иргэддээ дахин дахин сануулж, тээврийн хэрэгсэл жолоодохыг хорих гэх мэт арга хэмжээг дор бүрнээ авч ажиллах хэрэгтэй.
- Ярицлага өгсөнд баярлалаа. Та ярилцлагынхаа төгсгөлд иргэддээ зориулж сэрэмжлүүлэг хүргээч.
Ерөөл өргөсөн сархад чинь, ертөнцөөс таныг үдэж байна. Тэгэхээр та бүхэн өөрсдөө л хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй шүү гэж хэлмээр байна.

/Эх сурвалж: www.chuhal.mn/

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (843)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.