С.Нямдорж: Гүйцэтгэгчид гэрээт ажилтнаар ажлаа хийлгэсэн гэсэн

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, “Натур” худалдааны төвийн арын замын хашлага солих ажил тухайн хорооны иргэдийн бухимдлыг төрүүлж, төрийн мөнгийг шаардлагагүй ажилд зарцуулж байгаа гэж шүүмжилж байгаа аж. Энэ  талаар дүүргийн Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга С.Нямдоржоос тодрууллаа.

-“Натур” худалдааны төвийн арын замын хашлагыг сольж, шинэчилсэн. Уг бүтээн байгуулалтын ажлыг тухайн хорооны иргэд таашахгүйн дээр явган хүний замыг өмнөхөөс нь дордуулж, явах боломжгүй болголоо гэсэн гомдол байна?

-Манай дүүргийн зургаа, 18, 25 дугаар хороодын нутаг буюу Дамдинсүрэнгийн гудамжинд хийж байгаа замын хашлага солих ажлыг дүүргээс хийж байгаа дэд бүтцийн ажлын нэг гэж бодож байгаа иргэд олон байх шиг байна. Солих ямар ч шаардлагагүй замын хашлагыг сольж, явган хүнийг чөлөөтэй ч зорчих боломжгүй болголоо гэсэн гомдол, санал хэд хэдэн удаа ирээд байгаа. Бид хуульд заасан хугацаанд нь иргэдэд хариу, тайлбарыг нь өгч ажилладаг. Дамдинсүрэнгийн гудамжны замын хашлагын ажлыг “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хийж гүйцэтгэсэн.

-Тэгэхээр дүүргээс хийж байгаа ажил биш гэж ойлгож байна?

-Тийм, Дамдинсүрэнгийн гудамжны 2400 метр газрын замын хашлага солих ажлыг Нийслэлийн Авто замын газрын захиалгаар “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ  зам арчлалтын ажлыг хийж байна гэсэн тайлбарыг бидэнд өгсөн.

-Танай дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж байгаа бүтээн байгуулалт учраас замын хашлага солих ажлын явцтай танилцсан байх?

-Мэдээж дүүргийн нутэг дэвсгэрт хийгдэж байгаа бүтээн байгуулалт учраас манай хэлтсээс тухайн ажлын явцтай танилцсан. Бидний очиход ажил гүйцэтгэж байгаа компани нь “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ биш байсан. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэж байгаа ажилчид нь ямар компанийн захиалгаар тухайн ажлыг хийж байгаагаа ч мэдэхгүй хүмүүс байсан. Цог ах, Мягмарсүрэн хийлгэж байгаа л гэсэн үг сонссон. Энэ хэсгийг бид хийнэ, харин тэр хэсгийг өөр хүмүүс хийнэ гэсэн хариултыг өгсөн. Тиймээс бид Нийслэлийн Авто замын газраас тодруулахад, 2400 метр хашлага солих ажлыг “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас “Жи Жи Си”, “Алтай роуд” гэсэн хоёр компанитай гэрээлсэн юм билээ. Тухайн компаниуд нь гэрээт ажилтнаар хашлага солих ажлыг хийлгэсэн байна лээ.

-Замын хашлагын ажлын гүйцэтгэлийг би харчихаад тантай уулзаж байна. Явган хүний зам л гэхэд хуучнаасаа дээрдэх нь бүү хэл улам дордсон байна лээ?

-Замын хашлагыг солих ажилд үнэхээр тааруу дүн тавихаар байгаа. Учир нь явган хүний замыг бүрэн засч янзлаагүй. Замын хашлага явган хүний зам хоёрын дундах зайг нөхөж, бөглөөгүйгээс шороо тоос босч, нарийхан болсон байна лээ.

-Баянзүрх дүүргийн нутэг дэвсгэрт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын бүх ажилд танай хэлтэст хамаатай байдаг байх. Энэ ажлыг эхлэхээс нь өмнө та бүхний зүгээс хийх шаардлагагүй ажил гэдэг саналыг өгсөн үү?

-Дүүргээс санал авах нь бүү хэл ийм ажил хийгдэх гэж байна ч гэж мэдэгддэггүй. Тэгсэн мөртлөө хариуцлагыг дүүрэг үүрдэг. Өөрөөр хэлбэл, бидэнд шаардлага тавих ямар ч эрх зүйн зохицуулалт байдаггүй гэсэн үг.

/Эх сурвалж: www.mass.mn/

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (547)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.