Хархорин захын гүүрэн гарцыг 4 тэрбум төгрөгөөр үнэллээ

     Сонгинохайрхан дүүрэг буюу I хорооллын Хар хорин захын хойд талын төв зам дээр гүүрэн гарц бүхий байгууламж байдаг билээ. Гэхдээ энэхүү байгууламжийг явган зорчигчид ашигладаггүй бөгөөд тэнд бүх төрлийн үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн юм. Тэр ч утгаараа энэ замд явган зорчигчдын хөл хөдөлгөөн тасардаггүйгээс ихээхэн түгжрэл үүсдэг. Өөрөөр хэлбэл, баруун талаас хот руу чиглэх автомашины хөдөлгөөн яг энэ хэсэгт ихээхэн түгжирдэг гэж хэлж болно. Мөн энд зам тээврийн осол аваар ч ихээр гардаг гэх судалгаа бий.
     Тиймээс энэ бүхнийг зохицуулах үүднээс өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн НЗДТГ-аас энэхүү гүүрэн гарцыг зориулалтынх нь дагуу ашиглуулахаар ажлын хэсгийг томилоод байгаа ч өнөөдрийг хүртэл хоёр тал ямар нэгэн шийдэлд хүрээгүй байгаа аж. Хоёр тал гэсний учир нь энэхүү гүүрэн гарц нь нийтийн эзэмшлийнх бус хувийн компанийн мэдэлд байдагтай холбоотой юм. Ингээд уг гүүрэн гарцыг эзэмшигч “Чингис Трейд” ХХК-ийн хяналтын менежер Д.Энх-Амгалангаас зарим зүйлсийг тодрууллаа.

-Энэ байгууламжийг 1996 онд 1 тэрбум төгрөгөөр бариулжээ-

    -Танай компани энэхүү гүүрэн гарцыг хэдийд өөрийн өмчлөлдөө шилжүүлж авсан юм бэ?
     -Анх 1996 онд манай компани 100 хувь өөрийнхөө хөрөнгөөр энэхүү гүүрэн гарцыг барьж байгуулсан юм. Тухайн үед 1 тэрбум гаруй төгрөгөөр бариулсан. Харин Нийслэлийнхэн хоёр жилийн өмнөөс манай компанийг нийтийн өмчийг хувьдаа авсан хэмээн хардаж, янз бүрийн дарамт үзүүлэх болсон. Гэтэл бид тухайн үеийн хотын ерөнхий архитектороор зураг төслийг нь батлуулаад Солонгосоос мэргэжилтнүүд урьж авчиран тэднээр бариулж байсан юм. Энэхүү гүүрэн гарц нь тухай үедээ буюу 1996 онд Азидаа гуравт ордог байсан. Тэр үед Монгол улсад ийм гүүрэн гарц барих мэргэжлийн хүмүүс байгаагүй шүү дээ. Манай байгууллагаас Нийслэлийн удирдлагуудад зураг төсөл, эзэмшлийн гэрчилгээ зэрэг холбогдох бүхий л бичиг, баримтаа үзүүлж, шалгуулсан. Үүний үр дүнд тэд манай компанийн хувийн өмч гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
     -Хэдийгээр энэхүү байгууламж хувийн өмчлөлд байдаг ч гэлээ замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулж, аюулгүй байдлыг хангах үүднээс зориулалтын дагуу ашиглахаар төлөвлөөд байгаа юм билээ. Энэ тал дээр танай байгууллага ямар байр суурьтай байгаа вэ?
    
-Нийслэлээс манай байгууллагад хүсэлт тавьж байгаа. Манай байгууллагын хувийн өмч учраас үүнийг нийтийн эрх ашгийн төлөө ашиглах гэж байгаа бол бид хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ мэргэжлийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлчихвэл энэ асуудлыг шийдэж болно. Тухайн үед 1 тэрбум гаруй төгрөгөөр барьсан байгууламж шүү дээ. Одоогийн ханшаар бол 4 тэрбум орчим төгрөг болно. Нэг баганыг нураах болон барилгыг өөрчлөхөд нурах аюултай. Тиймээс нийслэлийн зүгээс мэргэжлийн хүмүүсээр стандарт, зориулалтын дагуу ашиглах зураг төсөл, экспертизийг нь батлаад, мөнгийг нь шийдээд өгчихвөл хүсэлтийн дагуу шийдэхэд асуудалгүй гэлээ.
     Замын хөдөлгөөн ачаалал ихтэй газруудын төвлөрлийг сааруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Төвлөрлийг бууруулах ажлын хэсэг”-ийг дүүрэг бүрийн Замын цагдаагийн тасгийн дарга нараар ахлуулан байгуулсан байна.
    ЗЦГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат “Хархорин захын гүүрэн гарц орчимд хөл хөдөлгөөн их учраас автомашины түгжрэл ихээр үүсдэг. Мөн зам тээврийн осол ч их гардаг. Уг нь тэр газрыг зориулалтын дагуу ашиглабал явган зорчигч, тээврийн хэрэгсэл хоёрын огтлолцол үүсэхээ больж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын түгжрэлийг бууруулахад өндөр ач холбогдолтой” хэмээн ярьсан юм..

     -Явган зорчигч явах хэсэг нь нэг митр ч хүрэхгүй байжээ-    

    Хархорин захын гүүрэн гарц дотор “Хархорин” ресторан, хувцас захиалга, засвар, алт, мөнгөн эдлэлийн худалдаа, ломбард зэрэг 11 үйлчилгээний байгууллага байдаг аж. 2014 оны зургаадугаар сарын 25-ны өдөр НМХГ-аас тус газарт шалгалт хийж зориулалтын бус байранд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг хангаж ажиллаагүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Мөн явган зорчигч явах хонгилын өргөн нь 1 метр хүрэхгүй зайтай төдийгүй зорчих зай хязгаарлагдмал байжээ. Энэ нь барилгажилтын норм дүрэмд заасан явган хүний зорчих хэсэг 1,5 метрээс багагүй байх, саадтай тулсан хэсгийн өргөн 0,5 мм-ээс багагүй байх зэрэг заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Тиймээс ажлын хэсгийнхэн энэхүү байгууламжийг зориулалтынх нь дагуу ашиглах хүртэл тэнд үйчилгээ явуулж байгаа байгууллагуудын үйл ажиллагааг зогсоожээ.
   Гэвч өнөөдрийн байдлаар энэхүү ажлын төсөв мөнгийг хэрхэн шийдэж, хэзээнээс зориулалтынх нь дагуу ашиглах эсэх нь тодорхойгүй байгаа юм.

/Эх сурвалж: www.eagle.mn       Сэтгүүлч: П.Mөнхжаргал/

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (645)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.