Тусгай дохиотой машинууд тусгүй хэрэг өдүүлдэг үү

     Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байхад Долоон буудлын зам дээр цагдаагийн машин урсгал сөрөн өндөр хурдтай давхиж яваад 12-хон настай жаахан охиныг дайрч амь насыг нь хөнөөсөн. Тухайн машин албаны хэрэгцээнийх бөгөөд дуут болон гэрлэн дохиотой байсан юм билээ. Харамсалтай нь авто замын урсгал сөрөн 100 км/цаг хурдтай давхиж явахдаа тэрхүү тусгай дохиогоо ашигласан эсэхийг мэдэхгүй. Хэрвээ ашигласан бол цэцэг цэврүү шиг хонгорхон охин амиа алдахгүй ч байсан юм билүү.

     Тусгай дохиог хэрэглэх газраа хэрэглэдэггүй атлаа огт хэрэглэж болохгүй газар, хэрэглэх эрхгүй хүмүүс нь дур зоргоороо ашиглаж байгааг энэ удаа хөндөж байна. Өнөөдөр бараг л машинтай бүхэн дуут болон гэрлэн дохио хэрэглэхийг хүсдэг болжээ. Энэ нь бусдад сүр хүчээ гайхуулах, эрх дархаараа далайлгах нэг хэлбэр төдийгүй замын хөдөлгөөний дүрэм болон бусад хууль дүрмийг зөрчих боломжийг тухайн жолоочид олгодог байна. Наад зах нь тусгай дохиотой машинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Үүнд нь болж тусгай дуут болон гэрлэн дохио машиндаа суурилуулах сонирхолтой хүмүүс олширчээ.

     Тэр хэрээр замын хөдөлгөөний дүрэм зөрчин, урсгал сөрж, хүссэнээрээ давхих том хар машинтай дээрэлхүү жолооч нарын тоо эрс нэмэгдсэн байна. Тэд иргэдэд шуурхай үйлчлэх автомашинд тусгай зөвшөөрлөөр олгодог дуут болон гэрэл дохиог хууль бусаар эзэмшин, замын хөдөлгөөнд давуу эрхтэй оролцох болсон гэнэ.

     Хууль зүйн сайд Х.Тэмүүжин 2013 оны тавдугаар сарын 31-ний өдөр “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ыг батлан эл дохиог чухам ямар машин хэрэглэж болохыг тодорхой тусгаж өгчээ.

     Үүнд, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, тахарын алба, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний алба, уул уурхайн аврах анги, хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, хот тохижилтын  болон  харуул хамгаалалтын байгууллага, байгаль хамгаалах, замын арчлалт, техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч, ослын шуурхай дуудлагын ажил үйлчилгээ явуулдаг байгууллагын шуурхай ажлын тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохиог хэрэглэж болох ажээ. Эдгээр машинууд аюулгүй байдлаа хангаж, үйлчилгээ үзүүлэх газраа хурдан шуурхай хүрэх зорилгоор нэгдүгээр эгнээгээр явахаас гадна урсгал сөрөн явах эрхтэй гэнэ. Мөн УИХ, Засгийн газрын гишүүд орон нутагт ажиллах үедээ улаан өнгийн зөөврийн гэрэл дохиог Цагдаагийн газрын даргын зөвшөөрлөөр ашиглаж болох аж. 

     Харин бодит байдал дээр энэхүү дохиог эрх мэдэлтэн, албан тушаалтнууд жийп маркийн автомашин, тансаг зэрэглэлийн суудлын автомашиндаа байрлуулан ашиглах болсон гэнэ. Эрх ямбанд дуртай эдгээр эрхмүүдэд УИХ, Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн дарга нар, танил тал ихтэй хувийн компанийн дарга нар багтдаг ажээ. Тэд гэрэл болон дуут дохиог хувийн хэрэгцээндээ ашигладаг бөгөөд дугаарын хязгаарлалт, цагдаагийн хяналт тэдэнд үйлчилдэггүй гэнэ. Учир нь “тусгай дуут дохиотой учраас зөвшөөрөлтэй байх, аюулгүй байдлаа хангаад тусгай чиг үүрэг гүйцэтгээд явж байна” хэмээн бодож цагдаа нар шалгадаггүй ажээ. Харин замын хөдөлгөөний дүрэм илт зөрчсөн тохиолдолд шалгахаар УИХ-ын гишүүд нь бүрэн эрх, халдашгүй дархан байдлаа ярьж цагдаа нарыг дарамталдаг байна. Харин хурган дарга нар нь холбогдох газрын дарга, сайд руугаа ярьж бичиг баримтаа шалгуулахгүй өнгөрөх гэж зүтгэн, тавьсан шаардлагыг үл тоодог гэнэ.

     Зарим үед “мигалк” буюу гэрэл дохио анивчуулсан машинуудыг зогсоож шалгах гэхэд шууд хурдаа аван зугтдаг байна. Энэ мэтээр дүрэм зөрчигчид гол төлөв Зайсангийн аманд оршин суугчид байдаг ажээ.

     Бусдаас давуу эрх эдлэх гэсэн энэ шударга бус байдалд бусад жолооч нар ихэд бухимдаж байгаа төдийгүй арга хэмжээ авч, шийдвэрлэж өгөхийг Замын цагдаагийн албан хаагчдаас хүсэх болсон байна. Нэг үе УБЗ гэсэн сери бүхий улсын дугаарыг дандаа УИХ, Засгийн газрын гишүүдэд  олгодог байсан. Тухайн үед УБЗ дугаарын үнэ ханш асар өндөр байсан бөгөөд компанийн захирлууд, яам, агентлагийн дарга нар ийм дугаарын худалдан авдаг байсан. Энэ нь нэг ёсондоо УБЗ дугаараар гангарах, нөгөө талаар замын цагдаад хоргоогдохгүй, дүрэм журамд баригдахгүй болох гэсэн эрмэлзэл. УБЗ дугаарын энэ булхай олонд ил болсон тул нийтэд олгох болсон. Ингээд нүүрс ачдаг портер хүртэл УБЗ дугаартай давхих болсон. Гэхдээ албан тушаалтан, эрх ямбатнууд аргаа өөрчилж 00-ээр эхэлсэн дугаараар гангарах болоод байгаа. 00-ээр эхэлсэн дугаартай машин бол ямар нэг дарга, захирлынх. Замын цагдаа хамаагүй саатуулж болохгүй гэсэн бичигдээгүй хуультай. Яг үүн шиг тусгай дуут дохио хэн нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтэн, баячуудын гангараа, хууль, дүрэмгүй авирлах баталгаа болж байж мэдэх юм.  

     Бусдаас илүү эрх мэдэлтэй баячуудын хэрэглээ болж, хууль бус үйлдлийг нь далдлагч нь ”тусгай дуут дохио байх” ёсгүй. Учир нь иргэдийн аюулгүй байдлыг хангаж, шуурхай үйлчилгээг хүргэх зорилгоор төрийн тусгай хамгаалалтын автомашинууд хэрэглэдэг гэдгийг энд ахин сануулъя.

    Уг нь тусгай дуут дохиог журам ёсоор ЦЕГ-ын даргын зөвшөөрлөөр “Лицензийн төв” олгодог аж. Гэтэл тус төвөөс нийт хэчнээн машин тусгай дуут болон гэрэл дохио ашиглаж байгаа талаарх мэдээллийг Замын цагдаагийн албан хаагчиддаа ч өгдөггүй ажээ. Хэрвээ тэд энэ талаарх мэдээллийг замын цагдаа нарт өгчихөж байвал зөвшөөрөл нь хүчинтэй, хүчингүй эсэхийг тогтооход хялбар болж, тэдний ажил хөнгөвчлөгдөх баймаар юм. Мэдээж тус байгууллагад хэчнээн машин тусгай гэрэлт болон дуут дохио хэрэглэдэг, ямар машинд хэрэглэж байгаа мэдээлэл байх учиртай. Учир нь журамд зааснаар “тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөл олгосон тээврийн хэрэгслийг Цагдаагийн байгууллагын туслах тоо бүртгэлд авна” гэсэн заалт бий юм билээ.

    Хуулиас гадуур, дүрэм журамд захирагдаггүй том толгойтой, дээрэлхүү дарга нартаа журам боловсруулан Х.Тэмүүжин сайд арга хэмжээ авахгүй бол замын хөдөлгөөнд оролцогсдын уур бухимдал, шударга бус явдал улам гаарч, хуулиас гадуур үйл ажиллагаа ч идэвхжихийг үгүйсгэхийн аргагүй юм.

    Тухайлбал, сүүлийн үед зэвсгийн наймаа, хууль бус ан, хар тамхи, хүний наймаа зэрэг томоохон хэргийг ийм гэрлэн болон дуут дохиотой, тансаг зэрэглэлийн хар машинаар халхавчлан хот суурин газар руу тээвэрлэдэг байж ч мэднэ.   

Эх сурвалж /www.eagle.mn      Сэтгүүлч П.Мөнхжаргал/

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (686)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.