Хулгайч нар “Prius”-ыг онилж байхыг үгүйсгэхгүй-

Сэрүүний улирал эхэлмэгц хулгайч нар “ажил”-даа идэвхийлэн ордог байна. Супер хүлгүүдийн эд анги бүр маш их мөнгөөр үнэлэгддэг. Хулгайчдын нүдэнд туссан үнэтэй машины дугуйнууд амар олдох хоол шиг харагддаг биз. Сүүлийн үед хайран сайхан машинуудыг дугуйнаас нь салгаад зогсохгүй эвдэж гэмтээн, хөсөр хаях тохиолдол цагдаагийн байгууллагад олноор бүртгэгдэх болжээ.

Анхандаа хулгайчид тоосго, чулуу гэх мэт зүйл ивж орхиод, дугуйг нь хулгайлдаг байсан бол сүүлийн үед дөрвөн дугуйг нь тайлж, дээрээс нь гупер, хормой гээд авах юу л байна бүгдийг нь аваад явдаг болжээ.

-ОЛОН МАШИН ДУНД МАШИНАА ШУРГУУЛААД ТАВЬЧИХВАЛ АЮУЛГҮЙ ЮУ-

Оны эхний есөн сарын байдлаар цагдаагийн байгууллагад 19773 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс Эрүүгийн хуулийн 145-155 хүртэлх буюу Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 8841 гэмт хэрэг бүртгэгджээ.

Автомашинтай холбоотой хулгайн гэмт хэрэг он гарсаар 156 бүртгэгдээд байгаа бол өнгөрсөн онд 100 гэмт хэрэг бүртгэгдэж байсан аж. Хуулийн хүрээнд хохирлын хэмжээ нь 190 мянгаас дээш гарсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэдэг. Харин 190 мянгаас доош төгрөгийн хохирол учруулсан автомашины хулгайн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэдэггүй юм байна. Зөвхөн захиргааны хариуцлагын тухай хуулийн 36-р зүйлийг үндэслэн арга хэмжээ авдаг талаар албаны хүн хэллээ.

Аравдугаар хорооллын “Golden park” хотхон хавьд машины эд ангийн хулгай нэлээд гардаг байна. Тус байрны гаражийн манаач хэлэхдээ “Өнгөрсөн жилийн өвөл өглөө босоод харахад байрны эргэн тойронд дөрвөн дугуйгүй болсон машин их харагддаг байсан. Хүйтний улирал эхлэхээр хулгайч нарын дугуй хулгайлах ажил эхэлдэг юм шиг байна. Жолооч нар эд хөрөнгөө алдчихаад сүүлд нь харамсаж байхаар анхнаасаа сайн харуул хамгаалалттай газар машинаа байрлуулах хэрэгтэй байгаа юм. Жолооч нар олон машин дунд машинаа шургуулаад тавьчихвал аюулгүй гэж боддог. Энэ буруу. Яагаад гэвэл хулгайчдын хувьд олон машин дунд ажлаа гүйцэлдүүлэх нөхцөл боломж нь бүрдээд байгаа юм. Машинуудын дунд хулгай хийхэд хэнд ч харагдахгүй байгаа юм л даа” гэв.

-12 АВТОМАШИНЫ ТОЛИЙГ СУУРИАР НЬ ХУГАЛЖЭЭ-

Ё.Лхагвасүрэн: Хулгайч нар “Prius”-ыг онилж байхыг үгүйсгэхгүй- СЭРЭМЖЛҮҮЛЭГ

-Машины эд анги, ялангуяа дугуйн хулгайлагдсан талаарх гомдол мэдээлэл танайд хэр их бүртгэгдэж байна вэ?

-Бүртгэгдэж байгаа. Энэ сарын 13-нд буюу уржигдар цагдаагийн байгууллагад машины дугуй хулгайд алдсантай холбоотой хоёр ч дуудлага бүртгэгдсэн байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн байрны урд автомашины зогсоол дээр байсан “Гранд витара”, “Ист” машины дугуйг Орхон аймгийн харъяат, 19 настай Б гэгч бусадтай бүлэглэн хулгайлсан байсныг тус дүүргийн цагдаагийнхан илрүүлэн шалгаж байна. Мөн Сүхбаатар дүүргийн 11-р хороонд хулгай хийсэн байж болзошгүй сэжиг бүхий хүн явж байна гэсэн дуудлага ирсэн. Шалгахад Баянзүрх дүүргийн 15-р хороонд оршин суух иргэний “Лексус 570” авто машины дөрвөн дугуй, түлхүүр багажийг хулгайлан явж байсан Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд оршин суух, 30 настай Б-г саатуулсан. Түүнчлэн 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвгэрт “Тоёота приус”, “Гранд марк-2”, “Тоёота камри”, “Ланд круйзер” зэрэг 12 автомашины толийг сууриар нь хугалсан хэрэг гарсан. Хэргийг шалгаж байна.

-“Prius” машины эд анги, дугуй сэлбэгийн хулгай голлох болсон гэх мэдээлэл байна. Хэр үнэний ортой вэ?

-Цагдаагийн байгууллагад ирсэн машины эд зүйлээ алдлаа гэсэн дуудлага мэдээллүүдээс харахад төрөл бүрийн маркийн машинуудын эд анги алдагдсан гэх дуудлага их байна. Хулгайч нар заавал тэр, энэ машины гэхгүй аль болох л хулгай хийхэд боломжтой, бэлэн өгөөш болгон орхисон бүх төрлийн машинуудыг тонож байна. Сүүлийн үед манайхан “Prius” маркийн автомашин ихээр унаж хэрэглэдэг болсон учраас энэ төрлийн машины сэлбэг, эд анги эрэлт хэрэгцээтэй байгаа гэж хэлж болно. Тиймээс хулгайч нар амархан зарж борлуулахаа бодон “Prius”-ыг онилж байхыг үгүйсгэхгүй.

-Жилийн жилд машины дугуй, хучлага хулгайд алдагдлаа гэсэн дуудлага тасардаггүй. Жолооч нарын ч буруу бий байх?

-Мэдээж шүү дээ. Жолооч нар өөрсдөө эд хөрөнгөдөө эзэн болж, харж хамгаалж байх ёстой. Харуул хамгаалалттай газар тавих боломжгүй бол машиндаа дохиолол суулгуулаач ээ гэж уриалмаар байна. Учир зүггүй орилоод чарлаад байгаа машины дөрвөн дугуйг тайлаад, бүтээлгийг нь аваад явна гэж байхгүй. Бүтээлгээ хийхдээ болж өгвөл дөрвөн дугуйгаар нь гишгүүлэх ч юм уу, эсвэл шалтай бүтээлэг хэрэглэх нь зүйтэй. Эсвэл бүр бүтээлгээ машинтайгаа гинжлээд цоожилдог бол хулгайд өртөнө гэж байхгүй.

-Ямар газарт энэ төрлийн гэмт хэрэг ихээр гарч байгаа бол?

-Гол төлөв харуул хамгаалалтгүй газар тээврийн хэрэгслээ удаан хугацаагаар байрлуулсан, мөн гэрэлтүүлэг орчин муутай ийм газар байрлуулсан машин л өртөж байгаа.

-Өвөл энэ төрлийн гэмт хэрэг нэмэгддэг гэдэг?

-Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан энэ төрлийн гэмт хэрэг олноор бүртгэгдэх хандлагатай байгаа. Ялангуяа машины өвлийн дугуй үнэд орох үеэр дугуйг нь хулгайлж зардаг болсон байна. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс өнгөрсөн жилээс өөрийн нутаг дэвсгэрийн 60-аад хувийг камержуулсан. Тиймээс энэ дүүрэгт бүтээлэг, машины дугуй, сэлбэг, эд анги хулгайлсан гэмт этгээдүүдийг илрүүлж байсан. Камерын систем энэ төрлийн гэмт хэргийг бууруулах, хулгайчийг илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд их тус болж байна.

-Жолооч нарт анхааруулж хэлэх зүйл байна уу?

-Иргэд, аж ахуй нэгжүүд гэр машин, ойр тойрныхоо гудамж талбайг камержуулах хэрэгтэй. Монгол улсын стандартад нийцсэн, тухайн камерын бичлэгийг буцааж сэргээх боломжтой, өөрөөсөө гэрэлтүүлэгтэй, бичлэг хийх чадвартай, манай эрс тэрс уур амьсгалд нийцсэн байвал зүгээр. Тухайлбал, УИД-ийн гадна болон дотно талыг камержуулснаар халаасны хулгайн гэмт хэрэг харьцангуй багассан. Ингэж камержуулснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд эд хөрөнгөө хулгайч нарын гарт орохоос урьдчилан сэргийлж чадна.

/Эх сурвалж: www.medee.mn/

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (547)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.