Э.Бат-Үүл: Замын ажлын хурд, бүтээмж нэмэгдсэн

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл  нийслэлд хийгдэж байгаа  замын ажлын явцтай биечлэн танилцлаа. Хамгийн түрүүнд саяхан зорчих хэсгээ нээсэн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хийгдэж байгаа Бээжингийн гудамжны ажилтай танилцсан юм. Тус гудамжны 0,9 км замын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй, 74 метр урт гүүрбарих ажил үргэлжилж байна. Цаг агаар хүндрэхгүй  бол тус замыг 10 дугаар сарын 27-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.Гэрээнд зааснаар бол 11 дүгээр сарын 31-нд дуусах байсан ч сарын өмнө хүлээлгэн өгөх гэж  байгааг гүйцэтгэгч компанийнхан хэлж байна.

Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол зам Дүнжингарав захаас Улиастайн замын уулзвар хүртэлх 6 км хоёр эгнээтэй 14 метр өргөнтэй замын ажил энэ сарын 15-нд дуусах төлөвлөгөөтэй байсан ч хугацааг сунгаж, 10-р сарын 25-нд хүлээлгэн өгөхөөр болжээ. Явган хүний зам, 3 метр өргөн дугуйн зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамын ажлыг давхар хийж байна. Энэ зам ашиглалтад орсноор хотын зүүн чиглэлийн урсгалд голлох нөлөө үзүүлэх юм.

Концессын анхны гэрээгээр баригдаж байгаа Өлзийт хорооллоос Биокомбинат хүртэлх 9 км замын ажил 6-р сарын 20-доор эхэлсэн одоо 65 хувийн гүйцэтгэлтэй явж байна. “Ди Ар Жэй” компани ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ жил суурийн ажлаа дуусгаж, ирэх онд өнгө хучилт хийх юм.

Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22,5 км авто зам 99,2 урт метр гүүрийн ажлын ихэнх хэсэг хийгдэж дуусчээ. “Тотал инж” компанийхан ажлаа төлөвлөсөн хугацаандаа буюу энэ сардаа багтаан дуусгана гэж хотын даргад хэллээ. Зам барилгын ажлын хүрээнд Бөхөгийн гол, Түргэний гол дээр 30 метр урттай 2 гүүр барих юм.

Нийслэлд хийгдэж байгаа бас нэгэн том бүтээн байгуулалт бол Гудамж төслөөс хэрэгжүүлж байгаа Сонсголонгийн уулзараас Нисэхийн уулзвар хүртэлх 5,5 км замын ажил. Энэ нь ХБНГУ-ын WIRTGEN SP500 бетон дэвсэгч шинэ техник ашиглан тавьж байгаа 60 жилийн настай, анхны бетон хийцтэй зам юм. Санхүүжилтийн хувьд өртөг өндөртэй ч , том оврын машин явахад зориулагдсан зам юм. Гүйцэтгэгчээр “Арц суварга” компани ажиллаж байгаа бөгөөд Японы Ситлай компани зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна. Ситлай компани нь Нарны гүүр, Нарны зам, Оюу толгойн аэропдром зэрэг бүтээн байгуулалтуудыг  барьж байсан туршлагатай юм байна.

Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны хуучин уулзвар хүртэлх 14 метрийн өргөнтэй 4 эгнээ, 2 талаараа гэрэлтүүлэгтэй  4.6 км авто замын ажил дуусаад, тохижилтын ажил хийгдэж байна. Энэхүү замыг тавихад хамгийн хүндрэлтэй нь газар чөлөөлөх асуудал байсан гэж  хариуцагч компаниуд хэлж байлаа. Тус замын ажлыг "Экспресс зам" ХХК гүйцэтгэж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга  “Улаанбаатар хотод өмнө нь 5 жил хийдэг байсан  замыг хоёр жилийн дотор хийж, зам тавилтын хурд 2,5 дахин өслөө. Замын ажил ашиг сонирхолын зөрчилгүйгээр явж байгаа болохоор бие биенээ шахаж шаардаж, хариуцлага нэхэж  байна. Тийм ч учраас замын ажлын бүтээмж, хурд өсч байна.Замын чанар маш их  дээшилсэн. Цаашид чанартай зам хийх санхүүгийн эх үүсвэрийг нь шийдэж чадвал манай замчид ажлаа сэтгэлээсээ сайн гүйцэтгэж байна" гэдгийг онцоллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (547)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.