ЦЕГ шинэ байрандаа орж, нээлтийн ёслол зохион байгууллаа

УМБГ-ын хажууд байдаг хуучин нийслэлийн цагдаагийн байрны буурин дээр баригдсан Цагдаагийн ерөнхий газрын барилга ашиглалтад орлоо. Шинэ барилгыг хүлээн авах ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, “Мон хаус” компанийн захирал н.Энхмаа, Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав болон цагдаагийн албан хаагчид оролцлоо.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин: Монгол Улсын Засгийн газар Цагдаагийн албаны шинэтгэлтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, үр бүтээл, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, хууль сахиулах үйл ажиллагааг хүний эрхийг дээдлэх, хуулийн хүрээнд ажиллах зэрэг томоохон шинэтгэлийг хийж байгаа. Энэ шинэтгэлийн хүрээнд хууль тогтоомжийг өөрчлөхөөс гадна цагдаагийн албан хаагчдын бие бүрэлдэхүүн ажиллах, хэвийн нөхцлийг хангах дэд бүтцийг сайжруулах чиглэлээр дорвитой томоохон алхам хийсэн.
Өнгөрсөн жил зургаан дүүрэгт цагдаагийн хэлтэс байсныг 14 хэлтэс болгон өргөтгөж, иргэдэд цагдаагийн үйлчилгээг ойртуулах алхамыг хийлээ. Өнөөдөр цагдаагийн байгууллагыг мэргэжлийн өндөр түвшинд удирдан зохион байгуулах, хууль сахиулах болон гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам хамгаалах чиг үүргээ оновчтой, түргэн шуурхай, дэлхийн түвшинд хэрэгжүүлэхэд удирдлагын баг нь ажиллах чадавхитай байх ёстой. Ажиллах чадавхи боломжоор бүрэн хангагдсан байх ёстой гэдэг үүднээс дэд бүтцийг сайжруулсан байртай болж байна.
Энэ байранд Цагдаагийн ерөнхий газар өөрийн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, бодлого тодорхойлох, шуурхай удирдлагаар хангах, өндөр мэргэжлийн боловсон хүчин сонгон шалгаруулж авах зэрэг үйл ажиллагаа явуулах юм. Ингээд цагдаагийн байгууллагын энэхүү барилгыг барьж гүйцэтгэсэн барилгын компанийханд талархаж байна. Мөн энэхүү санаачлагыг гаргасан УИХ-ын гишүүн Хууль зүйн сайд Ц.Нямдоржид талархал илэрхийлье. Иргэдэд ээлтэй, хүний эрхийг дээдэлсэн амар тайван амьдралын баталгааг хангах энэ үүрэгтээ Цагдаагийн байгууллага илүү их анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Юуны өмнө манай цагдаагийнхан ийм сайхан байшинд орж байгаад баяртай байна. Ер нь энэ ордны баруун тал хуулийн байгууллагууд төвлөрсөн газар. 2011 оноос барилгын ажил эхэлж, 6600 мкв талбайтай, 6 давхар байшин нийт дүнгээрээ 7 орчим тэрбум төгрөгөөр босч дуусч байна. Анх эхлүүлж байхад Улаанбаатарт нэг дээр үеийн классик байшин бариулах юмсан гэж бодож явсан. Тэр санаанд таарсан зураг гарч ирсэн учраас энэ барилгыг эхлүүлж байсан юм. Уг нь их гоё байшин. Улаанбаатар хотын төвийг ийм байшингуудтай болгочих юм бол Монголын нийслэл их сайхан болох юм. Энэ том барилгыг барьж гүйцэтгэсэн “Мон хаус” компанийн захирал н.Энхмаад талархал илэрхийлж байна. Анх энэ барилгаас чинь би салахгүй шүү, заавал дуусгана шүү гэж хэлчихээд барилгын ажлын явцад би 30 гаруй удаа ирсэн байх. Гайгүй байшин болсон болов уу гэж бодож байна. Цагдаагийн албан хаагчдаас юу хүсэж байна гэхээр ийм сайхан байшинд суучихаад сэтгэл чинь зүрх чинь энэ байшин шиг цэвэр ариун байж, элдэв муу нөлөөнд авталгүй, монгол төрийн төлөө үнэнч шударга зүтгэж байгаарай гэдгийг захиж хэлье.
Бас хэвлэлийнхэнд хандаж, энэ байшинг сайн сурталчилаарай гэж хэлье. Энэ байшинг сайн сурталчилбал цаад хотынхонд чинь ухаан өгч, Улаанбатар хотод ийм сайхан байшин олон баригдах байх гэж найдаж байна. Барилгын өртөг гэдэг юмыг манайхан хэтэрхий өндөрт гаргаад байна. Энэ байшин л гэхэд 7 орчим тэрбум төгрөгөөр босож байна гэхээр харьцангүй хямд байгаа биз. Сая энэ барилын тавилгыг авахад 400 гаад сая төгрөг зарцууллаа гэж байна. Цаашид энэ хажууд байгаа УМБГ-ын конторыг нэг иймэрхүү байшинтай, эмнэлэг байсныг контор болчихвол эдгээр байшингууд нийлээд нэг цогцолбор болчихмоор юм байна. Энэ асуудалд УИХ-д миний зүгээс тусална гэдгээ амлаж байна гэж хэллээ.
ЦЕГ-ын хуучин байранд Нийслэлийн Цагдаагийн газар суурьшина.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (814)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.