П.Эрдэнэбат: Жолооны үнэмлэхийн материалыг өдөр бүр авч байгаа

Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбаттай ярилцлаа.
- Цагдаагийн байгууллагаас олгодог зарим зөвшөөрлүүдийг нэг дороос авах боломжийг бүрдүүлж ЦЕГ-ын даргын тушаалаар Лицензийн төвийг байгуулжээ. Ингэж зохион байгуулах зайлшгүй шалтгаанууд юу байсан бэ?
- Өмнө нь тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх үндсэн сургалтын хөтөлбөр хангасан иргэн, жолоочийн мэргэжил дээшлүүлэх /ангилал ахиулах/ болон давтан сургалтад хамрагдсан жолоочоос мэргэжлийн шалгалт авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэнээс жолоочийн дүрмийн мэдлэгийн шалгалт авч, эрх сэргээх, жолоодох эрхийн болон архивын лавлагаа олгох үйл ажиллагаа Замын цагдаагийн газрын Мэргэжил, хяналтын хэлтэст байсан. Харин тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх, овор ихтэй болон аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл Замын цагдаагийн газрын Техник, хяналтын хэлтэст хамаарч байв. Түүнчлэн галт зэвсэг худалдан авах, улсын хилээр нэвтрүүлэх, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, экспортлох, үйлдвэрлэх, тэсэлгээний ажил явуулах, тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллагын талаарх саналыг холбогдох байгууллагад хүргүүлэх, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх тээвэрлэлтийн маршрут, чиглэлийг батлах үйл ажиллагаа Нийгмийн хэв журам хамгаалах газарт байсан. Цагдаагийн байгууллагаас дээрх зөвшөөрлүүдийг авахаар иргэн, хуулийн этгээд нь олон газарт ханддаг, үйлчилгээний талаар иргэдийн бухимдал үүсдэг энэ байдлыг өөрчлөх шаардлагатай болсон. Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсанаар цагдаагийн байгууллагаас олгодог зарим зөвшөөрлүүдийг нэг дор төвлөрүүлэн олгох зорилгоор ЦЕГ-ын даргын 2014 оны хоёрдугаар сарын 11-ний 77 дугаар тушаалаар Лецинзийн төвийг байгуулсан. Лицензийн төв нь цагдаагийн албаны үндсэн чиг үүрэг болох гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бусад албадыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, мэдээллийн бааз суурь, зөвшөөрлийн системийг төгөлдөржүүлэхэд чиглэж байгаа юм. Ингэснээр цагдаагийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээг шуурхай, ил тод нээлттэй үзүүлсэнээр иргэдийн сэтгэл ханамжийг бий болгох юм.
- Лицензийн төвөөс авах боломжтой үйлчилгээний талаар сонирхуулна уу?
- Мэргэжил хяналтын чиглэлээр 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэнд шинээр, мэргэжил дээшлүүлсэн, үнэмлэхээ үрэгдүүлсэн, солих иргэнд, гадаад улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй Монгол Улсын иргэнд, жолоодох эрхтэй гадаад улсын иргэнд тус тус тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгодог. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, архивын лавлагаа, жолоочийн үнэмлэхний лавлагааг гаргаж өгдөг. Зөвшөөрөл хяналтын чиглэлээр Монгол Улсын иргэн ан агнах, спорт-сургалт, цуглуулгын зориулалттай галт зэвсэг худалдан авах, Уонгол улсын иргэн, хуулийн этгээд ан агнах, уралдаан тэмцээнд оролцох зорилгоор галт зэвсэг, хэрэглэлийг улсын хилээр гаргах, буцаан оруулах, ан агнах, уралдаан тэмцээнд оролцох зорилготой гадаадын иргэний галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг тус тус олгодог. Мөн тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх, овор ихтэй болон аюултай ачаа тээвэрлэх тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгох үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байна.
- Танай төв хэр их ачаалалтай ажилладаг вэ. Одоо тулгамдаж байгаа ямар асуудал байгаа вэ. Үүнийг шийдэх ямар гарцуудыг эрэлхийлж байна вэ?
- Манай төвөөр өдөрт хамгийн их ачаалалтай үедээ 700-800 гаруй иргэд үйлчлүүлдэг. Ихэнх тохиолдол нь жолоочийн үнэмлэхээ үрэгдүүлсэн, солиулах иргэд ханддаг. Тус төвийн хуучин байрны иргэдэд үйлчлэх үйлчилгээний танхимын багтаамж хангалтгүй, тав тухгүй байдлаас болж иргэд ихээр бухимддаг. Хаяж үрэгдүүлсэн, солиулах үнэмлэхийн материалыг иргэдээс долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригуудад хүлээн авдаг байсан бол одоо өдөр бүр хүлээн авч, энэ ачааллыг бууруулах, иргэдэд ая тухтай, соёлтой үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна.
Иргэддээ анхааруулж хэлэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх 64 MGB-ын санах ойн багтаамжтай, ухаалаг чиптэй болсон байгаа. Энэхүү ухаалаг систем нь жолоочийн талаарх мэдээлэл, тээврийн хэрэгслийн татвар, даатгал, үзлэг оношилгоо, зөрчлийн талаарх мэдээллүүдийг багтаасан байдаг. Иргэд маань энэхүү тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхэндээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байна.
- Жолооны үнэмлэх, шалгалтын асуудлыг танайх хариуцан ажиллаж байгаа юм байна. Жолооч нарт дуулгах таатай мэдээ олон байгаа болов уу?
- Манай төв нь тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх үндсэн сургалтын хөтөлбөр хангасан иргэн, жолоочийн мэргэжил дээшлүүлэх /ангилал ахиулах/ болон давтан сургалтанд хамрагдсан жолоочоос мэргэжлийн шалгалт /Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, жолоодох ур чадвар, хотын жолоодлогын/ авч, тэнцсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгодог.
Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэнээс жолоочийн дүрмийн мэдлэгийн шалгалт авдаг. ЦЕГ-ын Лицензийн төв нь өнөөдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн II хороо, Доржийн гудамж, Home plaza төвийн зүүн талд /хуучнаар Их Засаг их сургууль явах замд Сэлэнгэ зочид буудлын замын эсрэг талд/ ЦЕГ-ын Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төвийн байранд шилжин байрласан. Үүнтэй холбогдуулан тухайн өдөр жолоодох эрхээ хасуулж хугацаа нь дууссан иргэдээс эрх сэргээх шалгалт авч, тэнцсэн тохиолдолд үнэмлэхийг нь олгох үйл ажиллагааг зохион байгуулах юм.
- Зөвшөөрөл хяналтын чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны талаар танилцуулна уу?
- Зөвшөөрөл хяналтын чиглэлээр Галт зэвсгийн тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Хууль зүйн сайдын 2013 оны А/121 дүгээр тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”, бусад холбогдох журам, стандартын хэрэгжилтийг хангуулан үйл ажиллагаа явуулж байна.
- Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлт, аюултай ачаа, тээшийн тээвэрлэлтэд хэрхэн хяналт тавьж ажиллаж байгаа вэ?
- Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр цагдаагийн байгууллага нь чиг үүргийнхээ хүрээнд төрийн бусад байгууллагатай хамтран ажилладаг.
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг орон нутагт тээвэрлэх үеийн тээвэрлэлтийн маршрут, хугацааг баталж, цагдаагийн хамгаалалтын дор гүйцэтгэдэг байгаа. Мөн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, экспортлох, үйлдвэрлэх, тэсэлгээний ажил явуулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавин ажиллаж байна.
- Галт зэвсгийн чиглэлээр ямар ажлууд хийж байгаа вэ?
- Галт зэвсгийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх ажлыг ойрын хугацаанд хийхээр төлөвлөөд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
- Танай төвийн үйл ажиллагааны талаар тодруулах бол ямар утсаар холбогдох вэ?
Манай төвтэй ажлын өдрүүдэд 93025241 дугаарын утсаар холбогдож, үйлчилгээний талаарх мэдээллийг авч болно.

Эх сурвалж Үндэсний шуудан 2014-09-01 Г.Улсболд

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (645)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.