“Авто Худалдааны Цогцолбор” –ын эхний ээлж 10 дугаар сард ашиглалтад орно

Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэр дээр баригдах “Авто Худалдааны Цогцолбор”-ын бүтээн байгуулалтын эхний ээлжийн барилгын ажлын шав тавих ёслолын ажиллагаа боллоо.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэх энэ томоохон бүтээн байгуулалтын ажил эхэлсэнээр эхний ээлжийн авто зогсоолуудыг ашиглалтад оруулж, нийслэл доторх 34 цэг дээр явагдаж буй авто машины ил задгай худалдааг нүүлгэн байршуулах юм. Энэ нь агаар, хөрсний бохирдол, замын хөдөлгөөний ачаалал буурахад нөлөөлнө гэж албаныхан үзэж байна.

Тус цогцолборт авто машины болон сэлбэг, дугуй, тос тосолгооны материалын худалдаа, авто тээврийн хэрэгслийн бүх төрлийн даатгал, оношлогоо, дугаар олголт, татвар, лизингийн үйлчилгээ, түүнчлэн авто засвар, авто угаалга, тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх сургалт дамжаа, жолоодлогын аюулгүй байдлын төв, автомашины туршилтын талбай зэрэг авто техниктэй холбоотой бүхий л үйлчилгээг багтаахаар төлөвлөсөн байна.

Ийнхүү нэг цэгийн худалдаа, үйлчилгээний төвлөрлийг бий болгосноор иргэдийн хувьд цаг заваа хэмнэх, худалдан авах гэж буй бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ үнийг нэг дороос харьцуулах зэрэг давуу тал бий болгож байгаа. Харин нийслэлийн хувьд хэт төвлөрөл саарах, замын ачаалал даац нь багасах ач холбогдолтой. “Авто Худалдааны Цогцолбор” байгуулагдах газрын хажууд 10000 орчим хүн амтай “Хотын шинэ төв”-ийг шинээр төлөвлөж байгаа нь тухайн орчинд хүн амын суурьшил үүсэх бүхий л боломжийг бүрдүүлэх юм.

Авто зогсоол, зам талбайн барилгын ажлыг гүйцэтгэхээр шалгарсан “Эко Тогтол” ХХК, “Анандын зам” ХХК, “Бат кубик” ХХК, “Тэгш Плант” ХХК нь барилгын ажлаа албан ёсоор эхэлж байгаа бөгөөд гэрээний дагуу эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажлыг 2014 оны 10-р сарын 01-нд хүлээлгэн өгнө.

“Авто Худалдааны Цогцолбор”-оос авто машинтай холбоотой бизнес эрхлэгчид болон нийт иргэд, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд зогсоол худалдан авахад банкны уян хатан хүү, хамгийн бага урьдчилгаатай нөхцөл бүхий зээлэнд хамрагдах боломжийг олгож байгаа. Мөн зээл авахад барьцаа хөрөнгө дутагдсан тохиолдолд “Зээлийн батлан даалтын сан”-гаар үйлчлүүлж, хүссэн зээлийн 60 хүртэл хувьтай тэнцэх батлан даалтыг хийх нөхцөлийг бүрдүүлжээ гэж “Авто Худалдааны Цогцолбор” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (848)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.