Хотын дарга нийтийн тээврийг сонгож үйлчлүүлэхийг уриаллаа

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Тээврийн газар, Том оврын автобусны компани, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч, иргэдэд цагийн хуваарийн дагуу нэг тасалбараар өдрийн турш үйлчлэх нийтийн тээврийн шинэ үйлчилгээ өнөөдөр эхэллээ. 10 хоногийн хугацаанд автомашины улсын дугаарын сүүлийн тоогоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтын үеэр иргэд 500 төгрөгийн тасалбараар тухайн өдөртөө Нийслэлийн Тээврийн газартай гэрээний дагуу ажилладаг нийтийн тээврийн том, жижиг автобус, микро автобус, төмөр замын RAILBUS-аар хэдэн ч удаа сэлгэлт хийж зорчих шинэ үйлчилгээг Хотын захиргаанаас иргэддээ санал болгож байгаа юм. 

Эхний ээлжинд 10 хоногийн хугацаанд хэрэгжүүлэх энэ ажилтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Засаг даргын орлогч нар нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг автобусны компаниудын ажилтнуудтай уулзлаа. Туршилтаар хэрэгжүүлж буй энэ үйлчилгээ Автобусны компаниудад багагүй алдагдалтай ч нийслэлийн Засаг даргын санаачилгыг дэмжиж 1,8 тэрбум төгрөгийн зардлыг өөрсдөө хариуцаж, шатахууны зардал болох 1,3 тэрбум төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс  гаргахаар болсон. Тиймээс нийслэлийн Засаг дарга “Эрдэм транс” ХХК-ийн ажилтнуудтай уулзаж талархал илэрхийлсэн юм. Тэрээр “Нийслэлийн нийтийн тээврийг шинэ шатанд гаргах гэж буй энэ үйлчилгээг дэмжиж, алдагдлыг тооцохгүйгээр бидэнтэй хамтран ажиллаж байгаа та бүхэнд нийслэлчүүдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Та бүхэн тогтсон цагийн хуваарийн дагуу аюулгүй байдлаа ханган, соёлтой, найрсаг үйлчилгээг иргэдэд үзүүлэхийг хүсье” гэлээ. Үүний дараа “Эрдэм транс” ХХК-ийн эхний чиглэлийн автобусаар зорчиж, иргэдтэй уулзсан юм.

Нийтийн тээврийн шинэ үйлчилгээг туршилтаар хэрэгжүүлж буй “Эрдэм транс” ХХК нь 8 чиглэлд 85 автобусыг үйлчилгээнд гаргасан байна. Иргэд өнөөдөр автобусны буудал болон автобус дотроос цэнхэр өнгийн 500 төгрөгийн  билетийг авч, өдрийн турш нийтийн тээврийн бүх хэрэгсэл,төмөр замын RAILBUS-аар зорчих боломжтой. Автобусууд тогтсон цагийн хуваарийн дагуу буюу чиглэлээсээ хамаарч 2-7 минутын зайтай иргэдэд үйлчилнэ. Энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээний талаар иргэдээс санал хүсэлт авна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (787)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.