УЛСЫН ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ 08 ДУГААР САРЫН 22-С 08 ДУГААР САРЫН 31-Г ХҮРТЭЛ ЯВАГДАНА.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/714 тоот захирамжаар Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хотын төв болон хөдөө орон нутгаас Нийслэл хот руу чиглэх хөдөлгөөн ихсэж, авто зам, уулзваруудын засварын ажил явагдаж байгаа зэрэг хүчин зүйлээс шалтгаалан гудамж замын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн цифрийг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахаар зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.

Нийслэл хотод үйлчилгээ явуулж буй томоохон худалдааны төвүүд /Нарантуул ОУХТ, Хар хорин зах, Оргил худалдааны төвүүд, Барс зах, Хүчит шонхор, Мишээл экспо/ ойр орчмын замуудад зогсоолын хүрэлцээ муу, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Залуучуудын өргөн чөлөө, Энэбишийн өргөн чөлөө, Нарны зам, Их тойруу, Баянхошуу Толгойт, 7-н буудал, Дарь-Эх, Чулуун овооны замуудад ачаалал үүсэж, тодорхой замуудад зам засварын ажил явагдаж байгаагаас тээврийн хэрэгслийн түгжрэл ихээр үүсэж байна.

Улсын дугаарыг хязгаарласнаар Улаанбаатар хотод тогтмол хөдөлгөөнд оролцдог тээврийн хэрэгслийн тоо 50% хувиар бууруулах боломжтой бөгөөд дугаарын хязгаарлалтын дагуу замын хөдөлгөөнд нийтийн тээврийн сонгон оролцсоноор иргэд төлөвлөсөн ажлаа замын түгжрэлгүй, стрессгүй амжуулах, цаг хугацаа хэмнэсэн, эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой юм.

Улсын дугаарын хязгаарлалт 2014 оны 08 дугаар сарын 22-с 08 дугаар сарын 31-ний өдрүүдэд өглөөний 07:00 цагаас 21:00 цагийн хооронд зохион байгуулах бөгөөд автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин 08 дугаар сарын 22, 24, 26, 28, 30-ны өдрүүдэд, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин 08 дугаар сарын 23, 25, 27, 29, 31-ний өдрүүдэд хөдөлгөөнд оролцуулахаар болсон.

Улсын дугаарын тэгш, сондгой үйлчлэх замын хязгаарлалт нь Нисэх, Сонсголонгийн аюулгүйн тойрог, Моносын уулзвар, Орбит, Толгойтын салдаг уулзвар, 21-р хорооллын уулзвар, ЭХЭМҮТөвийн зүүн хойд уулзвар, 7-н буудлын салдаг уулзвар, Дамбадаржаа, Бэлх салдаг уулзвар, Шархад, Улаан-хуарангийн уулзвар, ХСИСургуулийн уулзвар хүртэлх гудамж замуудад үйлчлэх болно.

Улсын дугаарын хязгаарлалтад Нийслэлийн авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээний болон зөөврийн ус хангамжийн автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд хамаарахгүй байхаар заасан.

Улаанбаатар хотын гудамж, замаар зорчиж буй улсын бүртгэлгүй, дугааргүй, техникийн хувьд бүрэн бус хяналтын үзлэг оношлогоонд хамрагдаагүй /утаа ихтэй, өнгө үзэмжгүй, албан татвар, агаарын бохирдол, зам ашигласан төлбөр төлөөгүй, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй/ тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй болно.

Төвлөрсөн зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын ачааллыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Өргөтгөсөн худалдаа зохион байгуулах тухай” А/133 дугаар тушаалын дагуу хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа, үйлчилгээг төлөвлөн зохион байгуулахаар болсон.

Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд суралцагсдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий “School Police” эргүүлд ажиллах эцэг эхчүүд, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтнаар судлагдаж байгаа иргэдийг явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрүүдэд ажиллуулахаар болсон.

Улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэлтэй гудамж замаар зорчсон жолооч нарт Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32.1-т зааснаар арга хэмжээ тооцох бөгөөд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг сольж хэрэглэсэн, улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон жолоочийн автомашиныг журамлаж жолоодох эрхийг 2 жил хүртэлх хугацаагаар хасах арга хэмжээ тооцно.

Өнгөрсөн жилийн хичээлийн шинэ жил, сар шинийн баярын өдрүүдэд авто замын түгжрэлийг бууруулах талаар Нийслэлийн Засаг дарга захирамж гарган улсын дугаарыг тэгш, сондгой тоогоор хөдөлгөөнд оролцуулсан нь Нийслэлийн иргэдийн талархал хүлээсэн ажил болсон юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (691)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.