Сүүлийн үед хөдөө орон нутгийн замд зам тээврийн осол ихээхэн гарч байгаатай холбогдуулан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсээс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Сүүлийн үед хөдөө орон нутгийн замд зам тээврийн осол ихээхэн гарч байгаатай холбогдуулан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсээс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Өнгөрөгч оны байдлаар улсын хэмжээнд 41797 зам тээврийн осол бүртгэгдсэнээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг 2143 гэмт хэргийн улмаас 423 хүн амь насаа алдаж, 12823 хүн гэмтэж, иргэд байгууллагад найман тэрбум гаруй төгрөгийн эд материалын хохирол учирчээ. Үүнээс хөдөө орон нутагт нийт ослын 8.7 хувь гарсан ба гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо 306 буюу 72.4 хувь, гэмтсэн хүний тоо 556 буюу 43.3 хувь нь бүртгэгджээ.

Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд гарч байгаа нийт зам тээврийн ослын маш бага буюу 10 хүрэхгүй хувийг орон нутагт гарч буй осол эзэлж байна. Гэвч ослоос үүдэн гарах хор хохирол болох нас барсан гурван хүн тутмын хоёр нь, гэмтсэн хоёр хүн тутмын нэг нь орон нутагт гарсан ослоос шалтгаалж байгаа нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсээс хийсэн судалгаагаар тогтоогджээ.



Харин энэ оны эхний таван сарын байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 596 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.8 хувиар өссөн. Мөн 110 хүн амь насаа алдаж, 365 хүн гэмтсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүний тоо 35.8 хувиар, гэмтсэн хүний тоо 26.7 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

Орон нутагт гарч байгаа осол хэргийн шалтгаан нөхцлийг судалгаанаас үзэхэд 56.8 хувь нь мөргөлдөх, 17.5 хувь нь онхолдох, 11.1 хувь нь үл хөдлөх зүйл мөргөх, 10.7 хувь нь явган зорчигч дайрах, хэлбэрээр үйлдэгдсэн байна. Ард иргэд бүрэн бус мотоцикль согтуугаар жолоодож явахад осол гаргах тохиолдол их байдаг аж. Автомашинаар зорчиж яваад осолд орсон хүмүүсийн дөнгөж 3.9 хувь нь хамгаалах бүсээ хэрэглэж явсан байдаг бол нас барахад хүргэсэн гэмтлийн дийлэнх буюу 70 гаруй хувь хамгаалах бүс зүүлгүйгээр замын хөдөлгөөнд оролцсоноос үүсдэг байна.

Мөн замын эвдрэлтэй холбоотойгоор нэлээдгүй осол гардаг ба үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсээс орон нутгийн чиглэлийн хатуу хучилттай замуудад судалгаа хийж, эвдрэл гэмтлийг нь тогтоон Зам тээврийн яаманд хүргүүлсэн байна. Тодруулбал, 31 автозамыг шалгаж, замын хар цэг буруу баригдсан, эргэлтийн радиус буруу, тэмдэг тэмдэглэгээ буруу тэмдэглэгдсэн газруудыг зургаар баримтжуулан холбогдох газруудад өгсөн гэж ЦЕГ-ын замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Ү.Зоригтбаатар ярьсан. Эдгээр замд Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Архангай аймгууд болон Налайх, Багануур дүүрэг гээд зам тээврийн осол нэлээн гардаг замууд оржээ. Автозамыг анх баригдаад ашиглалтад ороход хүлээж авсан байгууллага нь сайн хянаж, шалгаж аваагүйгээс, буруу баригдсан зам дээр осол аваар гарсаар байгааг мэргэжилнүүд хэлж байсан.

Ялангуяа 6, 7, 8 саруудад орон нутгийн замд осол аваар гарах нь ихэсдэг гэнэ. Иймээс орон нутгийн замд хяналт шалгалт, хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулахаар болжээ. Түүнчлэн хатуу хучилттай автозам тавигдсан болон энэ онд тавигдаж дуусах аймаг, сум, суурингийн замын цагдаагийн албан хаагч хот хоорондын замд 50-100 км замд хөдөлгөөнт шалгалтыг долоо хоног бүр хийх нь зүйтэй гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсээс үзэж буй юм байна. Мөн хот хоорондын зорчих тээврийн автобуснуудад GPS системийг суулгажээ. Мобикомын болон сансарын сүлжээгээр холбогддог уг систем нь тус автобуснуудын замын бүх хөдөлгөөнийг хянаж, удирдлагын төв рүү дамжуулдаг аж. Ингэснээр хот хоорондын автобусны жолооч хурд хэтрүүлэх зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчихөөргүй болжээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (868)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.