АЯГА КОФЕНЫ ҮНЭ ЦЭНЭ

      Тэр “Миний ажлын сайн мууг хүмүүс л хэлэх байх даа, ХАБ буюу хөдөлгөөний аюулгүй байдлын ажилтан нь ухамсартай нэгнээс талархал хүлээдэг бол ухамсаргүй нөгөө талаас нь хараал, ерөөлөөс эхлээд элдвийн л юм сонсоно шүү дээ” гээд инээмсэглэв. Саяхнаас бид ХАБ буюу хөдөлгөөний аюулгүй байдлын ажилтан гэдэг шинэхэн мэргэжилтнүүдтэй танилцсан. Тэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах, тээврийн хэрэгслээ зогсоолд зөв байрлуулахад тань туслахаас эхлээд олон талт үүрэг хүлээдэг. Харамсалтай нь үүнийх нь хариуд тэдэнд талархал гэхээсээ илүү эсэргүүцэл их ирдэг юм шиг санагдсан.

      Нийтлэлийн маань гол дүрийг Балдандоржийн Төртогтох гэдэг. Тэрээр 1990 оноос өмнө Мебель картоны үйлдвэрт засварчнаар ажиллаж байжээ. Мебелийн гадаргууг бүрдэг нарийн ажиллагаатай суурь машиныг засдаг нарийн мэргэжилтэй. Миний мэдэхээр Солонгост энэ чиглэлийн мэргэжилтэн маш өндрөөр үнэлэгддэг юм билээ. Харамсалтай нь зах зээлийн шуурганд үйлдвэр нь дампуурч, ажилгүй бологсдын эгнээнд тэр нэгдсэн. Одоо “Сэлэнгэ аймагт нэг жижгэвтэр үйлдвэрт ажилладаг гэсэн” хэмээн санаашрангуй өгүүлэх нь нууцхан сэтгэлдээ эзэмсэн мэргэжилдээ үнэнч явдгийг нь илтгэнэ. Гэлээ гээд Б.Төртогтох гараа хүмхиж зүгээр суухыг хүсэлгүй өдийг хүрчээ. Тэрээр өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасагт гэрээгээр ажиллах болжээ. Өмнө нь хэсэг хугацаанд Бөхийн өргөөний уулзварт ХАБ-ын ажилтнаар ажиллаж байсан туршлагатай болохоор ажилдаа түүртээд байх нь бага гэнэ. Гол нь жолооч нарын зүгээс түүнд үзүүлж байгаа үл хүндлэл бэрхшээл болдог байна. Түүнээс цас, бороо орж, салхи салхилж байсан ч тэр хийдгээ хийж хариуцсан газартаа хөдөлгөөний аюулгүй байдал сахиулсаар л байдаг. Ажлынх нь гол талбар Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын хойд талын хэсэгхэн зам. Тус дүүрэг хүн ам ихтэйг ч хэлэх үү, төрийн үйлчилгээ авах гэсэн иргэдийн хөл тасарна гэж байхгүй. Энэ хэрээр түүний ажлын ачаалал их. Тэрүүхэн тэр газрыг тойрч гарахаасаа залхуурсан жолооч нар урсгал сөрж орж ирээд их зовоодог гэнэ. “Уг нь энд Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасаг байрладаг юм шүү дээ. Гэтэл цадигаа алдсан зарим нэг жолооч гэгээн цагаан өдрөөр архи үнэртүүлчихсэн урсгал сөрж явахтай ч таардаг. Шаардлага тавихаар өөдөөс хэл амаар доромжилно. Ийм л нэг хэцүү ч гэмээр ажилдаа” гэх. Уг нь түүний ажил хүнд тус болсон буянтай сайхан ажил. Тэр ийм хүнд нөхцөлд ажиллаж байна гэж хэнд ч гомдоллоогүй. Сард авдаг 270 мянган төгрөгөөр өндөр настай ээж, дүүтэйгээ гурвуулаа болоод л байдаг. Гэхдээ цалинг нь нэмээсэй гэсэн битүүхэн горьдлого түүнд бий. “Хаа очиж манай дүүргийнхэн надад их тусална шүү. Шаардлага биелүүлэхгүй цамнаад байгаа зарим нэгийг нь тасгийнхаа цагдаа нарыг дуудаж байгаад өгчихнө. Нөгөө хуурай агсраад байсан нөхөр чинь цагдаа харахаараа хонь шиг  номхрох нь өрөвдөлтэй ч юм шиг, бас инээдтэй ч юм шиг санагддаг” гэж тэр егөөднө. Өвлийн хүйтэнд даарч зогсоход нь аяга кофегоор дайлдаг хамт олондоо тэр хайртай. Аяга кофены үнэ цэнэ түүнд ийм сайхан сэтгэгдэл үлдээсэн бол ухамсаргүй нэгний хэлсэн болгоомжгүй үг түүний сэтгэлийг урсаар л... Ийм л нэгэн эгэл хүн бидний дунд амьдарч явна. Өглөө 08:00 цагаас ажил нь эхэлж 18:00 цагт дуусдаг. Маргааш тэр яг л цагтаа ирнэ дээ.

Эх сурвалж: /Сэргийлэгч сэтгүүл/

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (547)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.