/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээлэл / Замын цагдаагийн ахмад ажилтнууд албаа “тонож” байна гэж үү

Замын цагдаагийн ахмад ажилтнууд албаа “тонож” байна гэж үү

Замын цагдаатай амьдралаа холбон, цөөнгүй жил хөдөлгөөн зохицуулж явсан ахмад ажилтнууд гавьяаныхаа амралтаа эдлэн суугаа. Албаныхаа төлөө сэтгэлтэй нэг хэсэг нь байхад насаараа ажилласан байгууллагынхаа, төрийн өмчид бүртгэлтэй газар, эд хөрөнгийг нь хувийнх болгохоор зүтгэдэг нэг бус хүн байх юм. Үүнтэй нь шүүх эвлэрээд төрийн өмчийг хувь хүнд өгөх шийдвэр гаргасан байна. Бодит баримтыг хүргэе.

ЖУРМЫН ХАШАА ЗЦГ-ЫНХ, ҮГҮЙ ХУВИЙН КОМПАНИЙНХ

Өдгөө ийм хэрүүл үүсээд байгаа юм. Уг нь одоогийн Тээврийн цагдаагийн алба (ТЦА) буюу хуучнаар ЗЦГ-ын Тээврийн хэрэгсэл түр саатуулах байр (хашаа)-ыг 1985 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар байгуулж байжээ.

Тухайн үед хувийн автомашинтай хүмүүс олширч, зарим сахилгагүй жолооч дүрэм журам зөрчиж, осол гаргах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал гаргах болсноор ийм хашаатай болох шаардлага тулгарсан байна. Ингээд тухайн үед 15 000 төгрөгийн хөрөнгө Улаанбаатар хотын Гүйцэтгэх захиргаанаас гаргаж, хашаа, сахиулын суух байр, гэрэлтүүлэг зэрэгтэй Тээврийн хэрэгсэл түр саатуулах байр бий болгосон аж. 

Тэр үед газар эзэмших, өмчлөх талаар маргаан дэгддэггүй, гэрчилгээ, захирамж ч холбогдох байгууллагаас гаргадаггүй байсан уу, ямар нэг бичиг баримт архиваас олддоггүйг ТЦА-ныхан хэлж байна.

Харин зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш 1998 онд анх нийслэлийн Засаг даргын захирамж гарч, ЗЦГ-т Тээврийн хэрэгсэл түр саатуулах байр (Журмын хашаа)-ны зориулалтаар нэг жилийн хугацаатай ашиглуулах гэрчилгээ олгож байжээ.

2000-гаад оны эхэн үед тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх, бүрэн бус, осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийг лабораторийн шинжилгээгээр шинжлэн дүгнэлт гаргах гэрээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийлгэх шийдвэр гарч, тэр үеийн ЗЦГ-ын дарга, “Авто хяналт” ХХК-ийн захирал нар гэрээ байгуулан Журмын хашаанд тус компанийг ажиллуулах болжээ. 

Уг гэрээний биелэлтийг огт дүгнэлгүй явсаар 2011 оны аравдугаар сарын 31-ний 778 дугаар захирамжаар “Авто хяналт”-д эзэмшүүлэхээр болсон аж. ЗЦГ-ын балансад бүртгэлтэй өмч дээр нь байгаа газрыг ийнхүү шилжүүлэхээр болсон гэнэ. Эзэмших гэрээг таван жилийн хугацаатай байгуулсан бөгөөд 2016 онд дуусах байв. Харин үүнээс өмнө буюу 2013 онд Тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны газрыг цагдаагийн байгууллагад буцаан олгосон аж. 

Түүнээс хойш НЦГ, ТЦА-ны өмчид бүртгэлтэйгээр өнөөг хүрч буй юм. Гэтэл “Авто хяналт” компанийнхан шүүхэд “Манай компанид мэдэгдэлгүй, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Тиймээс нийслэлийн Засаг даргын 2013 оны А/837 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү” хэмээн нэхэмжлэл гаргасан байна.

Харин энэ сарын 4-нд нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх өөх ч биш, булчирхай ч биш шийдвэр гаргачихаад байгаа юм. Ингэснээр ТЦА 1985 оноос хойш ашиглаж ирсэн Журмын хашаагаа ашиглаж болох, эсэх нь эргэлзээтэй болжээ.

Улсын мэдлийн гэхэд хилсдэхгүй Журмын хашааны төлбөрийг өдгөө хувийн компани мэдэж, нэмээд зогсохгүй захиран зарцуулахад хүрч байгаа гэх юм билээ.

С.ПИОНЕР: ЖУРМЫН ХАШААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨТГӨӨГҮЙ ХЭРНЭЭ ГАЗРЫГ НЬ БУЛААЛЦАЛДАЖ БАЙНА

ТЦА-ны Ахмадын хорооны дарга, чөлөөнд байгаа хурандаа С.Пионероос зарим зүйлийг тодрууллаа.

-Замын цагдаагийн ахмад ажилтны хувьд “Авто хяналт” ХХК-ийнхантай маргалдаад буй Журмын хашааны газар яагаад хувийн эзэмшлийнх болчихсон талаар мэдэх байлгүй. Хэзээнээс тус компани эзэмших болсон юм бэ?

-2002 оны нийслэлийн ИТХ-ын 199 дүгээр тогтоолын дагуу Улаанбаатар хотын ерөнхий менежер, ЗЦГ-тай “Авто хяналт” гэдэг компани хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, нийслэлд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн зөрчил дутагдалыг багасгах, зам тээврийн ослыг бууруулах зорилгоор оношилгооны төв байгуулж, зөрчилтэй тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөх ажлыг хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэхээр болсон юм. 

Тэгээд гэрээгээр хүлээсэн үүргээ тус компани биелүүлсэн, эсэх, лаборатори байгуулсан, үгүйг хэн нь ч дүгнэлгүй явсаар 2011 онд “Авто хяналт” компани хөрөнгө оруулалт хийсэн гэх үндэслэлээр газар эзэмшүүлэхээр болсон байдаг. Ингэхдээ хашаа, иргэдийн тээврийн хэрэгсэл, цагдаагийн кабон зэргийг нь тооцолгүйгээр газрыг нь тус компанид олгосон байгаа юм. 

Өөрөөр хэлбэл, ЗЦГ-ын өмч дээр байгаа газрыг хувийн аж ахуйн нэгжид өгсөн. 2014, 2018 оны захирамжаар Журмын хашааны газрыг НЦГ, ЗЦА-нд 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх болсон. Бидэнд мэдэгдэлгүй гэрээ цуцалсан нь хууль зөрчсөн хэмээн “Авто хяналт” компани шүүхэд гомдол гаргасан. Шүүх нийслэлийн Засаг даргын 2014 оны долдугаар сарын 25, 2018 оны тавдугаар сарын 10 захирамжаар олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хачирхалтай. 

2011-2016 оны хооронд таван жилийн хугацаатай олгосон газар эзэмших гэрчилгээг сэргээх асуудал энд явагдаад байгааг юу гэж ойлгох вэ. Бас дээр нь байгаа Замын цагдаагийн өмчийг хэрхэхийг шүүх огт шийдээгүй. Ийм эргэлзээтэй, хачин шийдвэр гаргачихаад байна. 1985 оноос хойш ТЦА Журмын хашааг өдөр бүр зориулалтынх нь дагуу л ашиглаж ирсэн.

Дунд нь Тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны үйл ажиллагааг өргөтгөх замаар журамлагдсан тээврийн хэрэгсэлд үзлэг оношилгоо хийх зориулалттай лаборатори байгуулж ажиллуул гэсэн заалт орж ирсэн. Гэвч өргөтгөөгүй. Журмын хашааны газар дээр, хашаан дотор сэндвичин байшин барьсан ч лаборатори, оношилгооны төвийн зориулалтаар одоо болтол ажиллаагүй.

Энэ мэт хууль, журам зөрчсөн баримт байсаар атал шүүх ТЦА-нд Тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны зориулалтаар эзэмшүүлэхээр болсон газрын гэрчилгээг түдгэлзүүлчихээд байна. Эндээс шүүх нэг талыг барьж ажиллаад байгааг харж болно.

1985 оноос хойш тээврийн хэрэгсэл жолоодож байсан хүмүүс Журмын хашаа хаана байгаа вэ гэхээр энэ л газрыг заадаг, бүгд мэддэг газрыг улайм цайм нөгөө талд нь шийдвэр гаргаж, төрийн байгууллагын эзэмшиж байгаа хөрөнгийг үрэн таран хийхээр болчихоод байна.

-Замын нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг зөөж байрлуулах олон хашаа байдаг шүү дээ. Энэ нь ТЦА-ны эзэмшлийнх биш юм уу?

-Аж ахуйн үйл ажиллагаагаа гэрээгээр хувийн хэвшлийн компаниудаар хийлгэх байдлаар Журмын хашааны тоо олон болсон л доо. Газар нь тухайн аж ахуйн нэгжүүдийн л газар. Тэдгээрт ямар нэг маргаан байдаггүй. 

Харин энэ маргалдаад буй газар бол анхнаасаа л буюу 34 жилийн өмнөөс л замын цагдаад байсан хөрөнгө. Хамгийн энгийнээр тайлбарлахад айлын хашаанд байшин барьчихаад газрыг нь булаагаад авч байгаа нэг хэлбэр гээд хэлчихэд болно.

-Энэ газрыг булаацалдаад буй “Авто хяналт” компанийн эрх бүхий албан тушаалтан нь замын цагдаагийн ахмад ажилтан гэж сонссон. Үнэн үү?

-Тийм ээ. Манай ЗЦГ-т надтай мөр зэрэгцэн ажиллаж байсан гэхэд хилсдэхгүй, өдгөө Ахмадын холбоонд ч харьяалалтай, чөлөөнд байгаа дэд хурандаа Цэвэгсүрэн гэж хүн байдаг юм. Энэ хүмүүс насаараа ажилласан албаныхаа эд хөрөнгөөс булаацалдаж байгааг юу гэж ойлгох вэ.

ЗАМЫН ЦАГДААГИЙНХАН “АВТОРАДИО ФМ 96.3”-ААРАА МЭДЭЭЛЛЭЭ ДАМЖУУЛЖ ЧАДАХГҮЙД ХҮРЧЭЭ

Нийслэлийн ЗДТГ, ИТХ-аас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд 2007 оны төсвөөс 10 сая төгрөг олгосон юм байна. Үүн дээр тухайн үеийн ЗЦГ-ынхан хоёр сая төгрөг босгож нэмэн, “Авторадио фм 96.3”-ыг байгуулж байжээ. Радио долгионы тусгай зөвшөөрлөө авах үед төрийн байгууллагын дэргэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл байж болохгүй гэх хуулийн заалтыг бүртгэлийн байгууллагынхан сануулж, төрийн бус байгууллага хэдэн хүн нийлж байгуулсан аж. 

Ингээд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний нөхцөл байдлыг цаг тутам мэдээлэх, Замын хөдөлгөөний дүрмийг сонсогчдод таниулах зорилгоор байгуулсан дээрх радиогоо Замын цагдаагийн ахмад ажилтны нэг, хурандаа Саяболд (Саяболат)-д хариуцуулсан байна. 

Улмаар “Авторадио фм 96.3” 2007 оны нэгдүгээр сарын 17-нд анхны эфирээ цацжээ. Холбогдох төрийн байгууллагатай гэрээ хийхдээ ямар ч реклам, зар сурталчилгаа явуулахгүй байхаар болсон гэдэг.

Энэ талаар хурандаа С.Пионероос тодруулахад “ТЦА-ны газрын дарга, дэд хурандаа С.Жавхлантбаатар, тухайн үед ЗЦГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга байсан, чөлөөнд байгаа дэд хурандаа С.Энхтөр, ЦЕГ-ын дэд бөгөөд НЦГ-ын дарга, хурандаа Д.Ядамдорж, хурандаа Ч.Жаргалсайхан тэргүүтэй хүмүүс энэ радиог анх байгуулахад удирдах зөвлөлд нь багтсан байдаг юм.

Гэтэл хэнийх нь ч зөвшөөрөлгүй, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр хувийн компанид шилжүүлчихээд өдгөө манай ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийнхэн радиогоороо мэдээллээ ч дамжуулж чадахгүйд хүрээд байна. Дэд хурандаа С.Энхтөр энэ радиог байгуулахад их хүчин чармайлт гаргаж байсан. Тиймдээ ч сонсогч, замын хөдөлгөөнд оролцогчдод хэрэгтэй мэдээллийг тус радиогоор цаг тухайд нь хүргэдэг байв.

Дээр нэр дурдсан хүмүүсийн байгуулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын нийгэмлэг” ТББ-аа ч дэд хурандаа С.Энхтөр шууд төлөөлөх эрхтэй байсан. Гэтэл түүнд ч мэдэгдэлгүйгээр хувийн компанид чөлөөнд байгаа хурандаа Саяболд, хошууч Хатанбаатар нар шилжүүлэн өөрсдийн хувийнх юм шиг аашилж байгаа. 

Өдгөө энэ радиогоор замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдээлэл бараг цацахгүй, дандаа реклам нэвтрүүлж байна. Тиймээс ч энэ радиог сонсох хүний тоо цөөрсөн. Энэ радиог байгуулах үед хурандаа Саяболд ЗЦГ-ын Ахмадын зөвлөлийн даргаар ажилладаг байсан юм. Бид радиогоо шилжүүлэн авах гэтэл өгөхгүй байгаа.

Түүгээр ч зогсохгүй энэ радиогоор замын цагдаад ажиллаж байсан судлаач, эрдэмтэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөх гэхээр төлбөр нэхэж байгаа. “Авторадио фм 96.3”-ыг анх байгуулсан дэд хурандаа С.Энхтөрөөс хүртэл мөнгө нэхсэн байгаа юм. 

Уг нь энэ радио төрийн өмчийн санхүүжилтээр боссон, Саяболд зэрэг хүний нэг ч төгрөгийн оролцоогүй эд шүү дээ. Радиогоо ТЦА-нд буцаан олгох талаар нэг бус удаа албан бичиг бэлтгэл хурандаа Саяболд зэрэг хүнд хүргүүлсэн ч ямар нэг хариу өгөхгүй байгаа. Тиймээс шүүхээр нэхэмжлэхээр холбогдох материалаа бүрдүүлж байна” гэлээ.

Төрийн, нийслэлийн өмчийн хөрөнгөөр байгуулсан, ямар ч реклам цацахгүй гэж гэрээ байгуулсан, замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар мэдээлэл шуурхай түгээж байх ёстой “Авторадио фм 96.3”-ыг ийнхүү замын цагдаагийн чөлөөнд байгаа хурандаа тэргүүтэй хүмүүс хувьдаа авчихаад, улмаар сонсогчид нь цөөрч буйд учир мэдэх олон хүн шогширч байна. Төр өмчөө мэдэж, хувийн аж ахуйн нэгжүүд булаацалдаж байгааг таслан зогсоож буцааж авч яагаад болохгүй байна вэ.

 

Статистик мэдээ
  • 2018 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ