/ / Д.АМАРСАЙХАН: ШИНЭ ДҮРЭМ 11-Р САРЫН 1-НЭЭС ЭХЭЛЖ МӨРДӨГДӨНӨ

Д.АМАРСАЙХАН: ШИНЭ ДҮРЭМ 11-Р САРЫН 1-НЭЭС ЭХЭЛЖ МӨРДӨГДӨНӨ

Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Д.Амарсайхантай ярилцлаа. /Эх сурвалж:Өдрийн сонин/


-Тээврийн цагдаагийн алба байгуулагдлаа. Энэ албаны талаар тодруулахгүй юу?

-Энэ оны наймдугаар сарын 22-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаал, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал, шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг үндэслэн цагдаагийн байгууллагын дотоод алба, бүтцэд зарим өөрчлөлт хийгдсэн. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаанаар Замын цагдаагийн алба, Төмөр зам дахь цагдаагийн газар, Иргэний нисэхийн агаарын тээвэр дэх цагдаагийн газар хэлтсийг харьяалан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий “Тээврийн цагдаагийн алба”-ыг байгуулсан. Өмнө нь Замын цагдаагийн алба, Иргэний нисэхийн агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс, Төмөр зам дахь цагдаагийн газар гэсэн нэгжүүд тус тусдаа үйл ажиллагаа явуулж байсан. Одоо эдгээр нь төрийн бодлогын дагуу хамт нэг зохион байгуулалт орж ажиллахаар боллоо.

Шинэ Эрүүгийн хууль тогтоомжид 27 дугаар бүлэг гэж бий. Тус бүлэгт “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг” гэсэн тодорхой заалтуудыг тусгасан байдаг. Үүнийг хариуцаж ажиллана гэсэн үг.

-Сүүлийн үед замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Энэ нь юутай холбоотой юм бэ?

-Сүүлийн үед нийслэлд хүндэрч буй асуудлын нэг бол замын түгжрэл болоод байгаа. Өөрөөр хэлбэл, замын даац хэтэрч, ачааллаа дийлэхээ больсон. Манай улсад жилд дунджаар 50-60 мянган машин нэмэгддэг. Нийслэлд 600 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэсэн статистик бий. Улаанбаатарт хөдөө, орон нутгаас тогтмол эргэлтээр 60-80 мянган тээврийн хэрэгсэл орж ирж, хөдөлгөөнд оролцдог. Ялангуяа оюутан, сурагчдын хичээл эхлэх үеэр ачаалал үүсч, хүндрэл бий болдог. Замын цагдаагийн алба хаагчид уртасгасан цагаар ажиллаж байна. Алба хаагчдын орон тоо хүрэлцэхгүй байгаа. Тиймээс цагдаагийн байгууллагад хүн хүч нэмэх шаардлага тулгарсан.

-Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд өөр ямар бэрхшээл тулгарч байна. Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Тээврийн хэрэгслийн тоо ихэссэнтэй холбоотойгоор замын байгууламж, шинэчлэлт хийсэн боловч ачаалал нь буурахгүй байгаа. Бусад орнуудын туршлагыг судалж байна. Зам, гүүр барьж байгаа мөртлөө хотын түгжрэл багасдаггүй тохиолдол байдаг юм билээ. Манай улсад энэ талаар төрийн бодлого үгүйлэгдэх болсон. Зарим зүйл, зохицуулалтуудыг хийх шаардлагатай. Тухайлбал, Бээжинд хөдөө, орон нутгийн дугаартай машиныг нийслэл рүүгээ оруулдаггүй зарчим мөрддөг байх жишээтэй. Манайд ид ачаалалтай үеэр түгээлтийн гучаад мянган машин замын хөдөлгөөнд оролцдог. Үүнийг өглөө юм уу, эсвэл шөнийн цагаар явуулах албан ёсны мөрдлөг, журам хэрэгтэй байна. Мөн өндөр насжилттай машиныг оруулж ирэхийг хориглох нь зүйтэй. Нийт импортоор оруулж ирж буй машинуудын 60-70 хувь нь арваас дээш жилийн насжилттай байдаг юм. Энэ нь тухайн оронд тус автомашины гүйлт норм болох моторынх нь элэгдлийн хүчин чадал нь дууссан машинуудыг хэлж байгаа хэрэг. Үүнийг хямд үнээр иргэд худалдан авдаг. Дэлхий дахинд автомашиныг зургаан жил хэрэглэсэн бол гүйлт норм нь дууссан гэж үздэг. Өөрөөр хэлбэл, ийм автомашин агаарын бохирдол бий болгож, эвдрэл гэмтэл ихтэй байдаг. Иймээс уг асуудлыг хэлэлцэх хэрэгтэй.

-Замын хөдөлгөөний шинэ дүрэм ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ...

-Замын хөдөлгөөний шинэ дүрэм ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ талаар иргэд, аж ахуйн нэгж, жолооч, зорчигчдын анхаарах зүйлүүдийн тухай тодорхой хэмжээний ойлголтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа болгон явуулж байгаа. 20 гаруй сургагч багш нар бэлдлээ. Үүний дагуу аж ахуйн нэгж байгууллага, ерөнхий боловсролын сургуулиудад яриа таниулга хүргэсэн. Тухайлбал, цуврал нэвтрүүлэг бэлтгэж байна. Замын хөдөлгөөний шинэ дүрэм нь одоогийн нөхцөл байдалтай сайтар уялдаж өгсөн. Дүрмийн боловсруулалтад ажлын хэсгийнхэн сайн ажилласан. Иргэдийн зайлшгүй мэдвэл зохих 30 гаруй дүрмийн өөрчлөлтүүд орсон байна.

-Шинэ замын хөдөлгөөний дүрэм дэх заалтуудаас иргэд нэн түрүүнд анхаарах шаардлагатай зүйл юу байна?

-Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой заалтуудыг тусгаж өгсөн. Гол өөрчлөлт нь хүн тээвэрлэхтэй холбоотой юм. Тэр дундаа хүүхдийг тээвэрлэхэд ямар дүрмийг баримтлах ёстой вэ гэдэгт хяналт илүү сайжирна. Шаардлага өндөр болсон. Жилд 50 хүүхэд ослын улмаас амиа алддаг. Үүний 80 орчим хувь нь хүүхдийг буруу тээвэрлэснээс үүдэлтэй байдаг. Иймээс хүүхэд тээвэрлэхэд аюулгүй байдлыг хангах үүднээс шинэчилсэн дүрэмд боловсруулалт сайн хийгдсэн. Тодруулбал, арав хүртэлх насны хүүхдийг хамгаалах хэрэгсэлтэйгээр, бага насны хүүхдэд хамгаалалтын суудал бэлдэж, бүсийг нь тогтмол зүүлгэх хэрэгтэй гэсэн заалтууд орсон. Бага насны хүүхдийг тээвэрлэж яваа автобус таних тэмдэгтэй байхыг журамд оруулсан. Тэрхүү таних тэмдэгтэй автобусанд жолооч нар зам тавьж өгч хүндэтгэх ёстой юм. Мөн зам тээврийн осол бууруулах үүднээс хурдны хязгаарлалтуудыг хийж өгсөн. Ялангуяа мотоциклоор явж буй иргэд хурд хэтрүүлсний улмаас хэн нэгний амь насыг хохироодог. Өмнө нь мотоциклоор 80 километрийн цагийн хурдтай явдаг байсан бол одоо 60 километр цаг байхаар заасан. Мөн ачааны автомашины тэвш дээр хүн тээвэрлэхийг хориглоно. Зөвхөн ачааг дагалдаж яваа хүн болон цэрэг, цагдаа чиглэлийн хүмүүс л хуулийн дагуу явах ёстой.

Зарим гэрлэн дохионд өөрчлөлт орсон байгаа. Тухайлбал, улаан, ногоон гэрлэн дохио анивчих гэсэн ойлголт байхгүй болно. Харин тоон хэмжүүрийг бий болгоно. Шар гэрэл анивчиж байвал тухайн уулзвар зохицуулалтгүй болсныг мэдэгдэж байгаа юм. Улаан гэрэл анивчиж байвал төмөр замын гарам байна гэж ойлгоно. Явган зорчигч зам хөндлөн гарахдаа чихэвч зүүхгүй байх, гар утас, компьютер, тоглоом хэрэглэж явахыг хориглоно. Шинэ дүрэмд “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр” гэдэг нэр томьёог гаргаж ирсэн. Энэ нь замтай ойролцоох хороолол, шатахуун түгээх станц, барилга байгууламж, үйлдвэр, албан газар буй хэсгийг нэрлэж байгаа юм. Ийм газруудад тусгай дүрэм баримталж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй болсон. Жишээлбэл, “Дүнжингарав” худалдааны төвд автомашинууд ямар ч тохиолдолд явган хүнд заавал зам тавьж өгөх ёстой гэх зэрэг зохицуулалтууд орсон. Замын зэргэлдээх нутаг дэвсгэрт автомашинууд 20 километр цагийн хурдтай явна.

Олон улсад мөрддөг, үр дүнтэй аргуудыг судалсны үндсэн дээр Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг боловсруулсан. Энгийн мөртлөө, иргэдийн аюулгүй байдлыг сайтар хангах заалтууд их бий. Хамгийн гол нь иргэд дүрмээ чанд сахиж, биелүүлэх ёстой.

-Төмөр зам, нисэхийн чиглэлд нэн түрүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ юу байна. Сүүлд төмөр замтай холбоотой осол гарсан. Үүний аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах вэ?

-Орон нутгийн нислэг нэлээд сэргэж эхэлж байна. Замын цагдаагийн алба хаагчид орон нутгийн нислэгийн аюулгүй байдлын зурвасыг хангахаар ажиллана. Мөн тэд хэв журмыг зохицуулах үүргийг давхар биелүүлнэ. Төмөр зам ч гэсэн ялгаагүй. Тэнд олон өртөө, зам, зангилаа бий. Төмөр замын аюулгүй байдлыг хангах, гармын аюулгүй байдлыг хангах зэргээр шуурхай ажиллана. Олон гарманд хаалт байхгүйн улмаас хүн болон мал санаандгүй, санамсаргүй, гэнэтийн тохиолдлоор дайруулах, автомашин осолдох, галт тэрэг замаасаа гарах, мөргөлдөх осол тасралтгүй их гардаг юм билээ. Үүн дээр тухайн төв, орон нутаг, дүүргийн замын цагдаагийн алба хаагчид нэгдсэн бодлогоор хамтарч ажиллана. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох байдал ч огт буурахгүй байна. Үүнтэй эрчимтэй тэмцэнэ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчих байдлыг таслан зогсооно. Гэрэл дохиотой газар бүрт хүн хүчээ ажиллуулж байгаа. Цаашид улам эрчимтэй ажиллана.

Статистик мэдээ
  • 2018 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ