/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээлэл / ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГАД 60 ГАРУЙ ЗААЛТ ШИНЭЭР ОРСОН

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГАД 60 ГАРУЙ ЗААЛТ ШИНЭЭР ОРСОН

ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСТЭН.МН

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг ирэх арваннэгдүгээр сараас эхлэн дагаж мөрдөхөөр болсон. Энэ өөрчлөлтийн талаар Тээврийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын Ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Галсанжамцтай ярилцлаа.

-Замын хөдөлгөөний дүрэм шинэчлэгдсэн. Ирэх арваннэгдүгээр сараас эхэлж мөрдөнө. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм хамгийн анх 1925 онд аливаа гал ус, уурын хүчээр явах тэрэг зэргийг БНМАУ-ын хязгаарын дотор хэрхэн хэрэглэх талаар батлагдаж байсан. Үүнээс хойш 12 удаа шинэчлэн найруулга хэлбэрээр өөрчлөгдсөн. Энэхүү дүрэмд зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцөлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан. Өнөөдөр хэрэгжиж байгаа дүрэм 23 бүлэг 165 зүйл заалт, гурван хавсралттай. Харин шинэчилсэн найруулгаар 7 бүлэг 224 зүйл заалт, дөрвөн хавсралттай болгож өргөссөн. Гэхдээ шинэ дүрэм журам гэж ойлгож болохгүй. Ерөнхийдөө байсан зүйлийг энгийн байдлаар зохицуулсан. Мөн шаардлагатай зүйлийг нэмж оруулсан байгаа.

-Нийт хэчнээн заалтад өөрчлөлт орсон бэ?

-Нийт 60 гаруй заалт шинээр орсон байгаа.

-Шинээр мөрдөгдөх гэж байгаа дүрэм өмнө нь батлагдсан хууль дүрэмтэй хэрхэн уялдаж байгаа вэ?

-Дүрэм нь Монгол Улс нэгдэж орсон гэрээ, конвенцод болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн үндсэн агуулгатай нийцэж байх ёстой. Мөн нийгэмд үүсч байгаа асуудал болон хөгжлийг дагаж сайжирч байх хэрэгтэй. Тэр дундаа зам тээврийн ослоор хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа асуудлыг зохицуулах үндсэн үүрэгтэй. Дүрмийг шинэчлэн найруулах хэд хэдэн үндэслэл байгаа. Тухайлбал, Замын дохио, тэмдгийн тухай конвенцуудтай нийцүүлж, зарим тэмдгүүдийг оруулах шаардлагатай байгаа. 2015 онд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. Тэгэхээр энэ агуулгатайгаа дүрмийг нь нийцүүлэх шаардлагатай. Мөн бусад салбар хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтүүдийг дүрэмд тусгах шаардлагатай. Тухайлбал, Төмөр замын тухай хууль, Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль болон Тусгай дуут дохио хэрэглэх журам гэсэн хэм хэмжээнүүдийг дүрэмтэй уялдуулах шаардлагатай. Манай улсын хувьд зам тээврийн осол маш их гардаг. Жилдээ 50 хүүхэд зам тээврийн ослоор нас барж байна. Энэ нь нийт нас баралтын 10 хувийг эзэлдэг. Гадны орнуудад хүүхдийн нас баралтыг “тэг” болгохоор ажиллаж байна. Зарим орнууд “тэг” болгож чадаж байна. Иймээс бид хүүхдийнхээ аюулгүй байдлыг онцгой анхаарах шаардлагатай.

Торгуультай холбоотой өөрчлөлт Зөрчлийн тухай хуулиар явна

-Явганаар хөдөлгөөнд оролцох журамд ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-Явганаар хөдөлгөөнд оролцох журам дээр нэлээд өөрчлөлт орсон байгаа. Жишээлбэл, явган зорчигч харанхуй, үзэгдэх орчин хангалтгүй байх юм бол тод өнгийн хувцастай явах хэрэгтэй. Боломжтой бол гэрэл ойлгох хувцастай явахыг зөвлөж байгаа. Мөн нийтийн тээврээс буухдаа зорчих хэсгээ хурдан чөлөөлж, хашлагын гадна гарах ёстой, Тээврийн хэрэгслийг хүлээхдээ хашлагын ард талд хүлээнэ гэх зэрэг өөрчлөлтүүд орсон байгаа.

-Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж байгаа юм чинь торгуулийн арга хэмжээнд бас өөрчлөлт орох уу?

-Торгуультай холбоотой өөрчлөлтийг Зөрчлийн тухай хуулиар зохицуулна. Харин энэ дүрмээр зөрчилд тооцдоггүй байсан зарим зүйлүүд зөрчилд орж ирж байгаа. Жишээлбэл, хүүхдээ өвөр дээр тээвэрлэхийг хориглосон дүрмийн зохицуулалтгүй байсан бол одоо дүрмээр зохицуулах болсон. Энэ дүрмээр урд суудалд хүүхдээ өвөр дээрээ тээвэрлэхийг хориглосон. Харин таксины арын суудал дээр хүүхдийг өвөр дээр авч явж болно. Бусад үед байнгын зориулалтын суудал дээр суулгаж явна.

-Тэгэхээр хүүхдийг буруу тээвэрлэсэн тохиолдолд Зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авах юм уу?

-Тийм ээ. Зөрчлийн хуулинд хүн ба ачаа тээвэрлэх журам гэж байгаа. Үүний дагуу торгуулийн арга хэмжээ аваад явна. Торгох гэдэг өнцгөөс битгий хараарай. Торгуулахгүй байх зүйлийг иргэд өөрсдөө хийх хэрэгтэй. Нэг суудлын үнээс хямд амьтай хүүхэд гэж байхгүй. Манайх шиг жилд 50 хүүхэд зам тээврийн ослоор нас бардаг орон ч байхгүй байх. Торгууль бодохоос илүүтэй хүүхдээ зөв тээвэрлэж сурах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

       Замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдэд хэд хэдэн үйлдлүүд хийхийг хориглосон

Замын хөдөлгөөний дүрэмд ямар өөрчлөлт орсныг ийнхүү танилцуулж байна.
• Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөл хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа, үйлчилгээний талбай зэрэг газарт цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хоригложээ.
• Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй ослын үед тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, осол, байгалийн гамшиг болон бусад аюул, эрсдэлд өртөж болзошгүй нь илэрхий байдалтай зогссон жолоочийн дохиогоор зогсож, тусламж үзүүлэхийг бүх жолоочид үүрэг болгожээ.
• Замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд чихэвч зүүх, гар утсаар ярих, тоглох, дугуйт тэшүүр, түүнтэй ижил төстэй үйлдэл хийхийг хориглосон байна.
• Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэхэд зөвхөн автобус ашиглах, суудал бүр хамгаалах бүстэй байхаар тусгажээ.
• “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” гэсэн таних тэмдэг бүхий автобусны жолооч хүүхэд буулгах, суулгах үед ослын дохионы гэрэл асаах, энэ үед бусад жолооч хурдаа хасч, анхаарал болгоомжтой явах, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож өнгөрүүлэхийг дүрэмд тусгасан байна.
• 10 хүртэлх насны хүүхдийг авч явахдаа зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглах, 10 нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр автомашиндаа үлдээхийг хориглов.
• Харааны бэрхшээлтэй хүн зам хөндлөн гарахдаа цагаан таяг барьсан байх, баримжаа алдах, гарцын байршил, ямар гэрлэн дохио асч байгааг мэдэхгүй үед бусдаас тусламж авах, цагаан таяг нь харанхуйд гэрэл ойлгодог гадаргуутай байх ёстой.
• Тээврийн хэрэгслийн эгнээгээр бусад тээврийн хэрэгсэл явахыг хориглосон заалтыг “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд хамаарахгүй байхаар тусгажээ. Ийм таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд “Хөдөлгөөн хориотой”, “Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой”,”Удаан зогсох хориотой” тэмдэг үйлчлэхгүй юм байна.
• “Сонсголын бэрхшээлтэй жолооч”-ийн таних тэмдгийн дүрсийг “цэнхэр дэвсгэртэй дөрвөлжин дотор цагаан өнгөөр сонсголын бэрхшээлийг илэрхийлэх олон улсын дүрсэн тэмдэглэгээ зурна” гэж өөрчилжээ. Энэ нь ийм таних тэмдэгтэй тээврийн хэрэгслийг бусад хөдөлгөөнд оролцогч таньж мэдэх давуу талтай гэж үзсэн байна.
• Замын тэмдэг, гэрлэн дохио болон хөдөлгөөн зохион байгуулах бусад техник хэрэгслийг эвдэж гэмтээх, халхлах, дур мэдэн байрлуулах, өөрчлөх, авч хаях, мөн замын хөдөлгөөнд саад болох, халтиргаа, шарвалт үүсгэх, тээврийн хэрэгслийн дугуйн доороос шидэгдэх, дугуйг хагалж болзошгүй элдэв зүйлсийг зам дээр хаях, асгах, орхих, замын хучилтыг бохирдуулах, эвдэхийг хориглоно. Ийм аюул, саад бий болгосон хүн түүнийг нэн даруй арилгах, хэрэв боломжгүй бол бусад хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах талаар шаардлагатай арга хэмжээ авч, цагдаагийн алба буюу замын хяналтын байгууллагад яаралтай мэдэгдэх үүрэг хүлээнэ.
• Жолооч нь хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй.
• Явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсвэл зорчих хэсгийн захаар (тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар) цуварч явна. Тэрэг түрсэн, чарга чирсэн, овор ихтэй ачаа барьсан буюу жагсаалаар яваа, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй хүмүүс явган хүний зам, хөвөөгөөр явахад бусад явган зорчигчдод саад болохоор байвал зорчих хэсгийн захаар явж болно. Явган зорчигч зорчих хэсгийн захаар явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигийн эсрэг, харин хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй буюу мотоцикл, мопед, унадаг дугуй хөтөлж яваа хүн хөдөлгөөний чигийн дагуу явна.
• Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино. Мотоцикл, мопед, унадаг дугуй түрж яваа хүн тээврийн хэрэгслийнхээ гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуурыг халхлахгүй явна.
• Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш 12 сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.
• Харааны бэрхшээлтэй хүн зорчих хэсгээр хөндлөн гарахдаа цагаан таяг барьсан байвал зохих бөгөөд хэрэв зорчих баримжаа алдаж, явган хүний гарцын байршлыг тогтоож чадахгүй болсон буюу гэрлэн дохионы заалтыг мэдэх боломжгүй бол бусдын туслалцааг авах, ийм бололцоогүй тохиолдолд таягаар сайтар дохио өгч анхаарал болгоомжтой зам хөндлөн гарна.
• Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.
• Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.
• Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно.
• Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно.

Статистик мэдээ
  • 2018 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ