Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 1-р бүлэг

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

            1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

            1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг тодорхойлж, холбогдох харилцааг зохицуулахад оршино.                                                                                                                         

            2 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж

            2.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,[1] энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль, захиргааны хэм хэмжээний актаас бүрдэнэ.

            2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

   3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

            3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

                        3.1.1.“тээврийн хэрэгсэл” гэж хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг;

                        3.1.2.“механикжсан тээврийн хэрэгсэл” гэж мопедоос бусад, хөдөлгүүрээр тоноглогдсон тээврийн хэрэгслийг;

                        3.1.3.“жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг;

                        3.1.4.“зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна;

                        3.1.5.“замын хөдөлгөөн” гэж нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн, ачаа шилжих үйл ажиллагааг;

                        3.1.6.“зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг;

                        3.1.7.“замын хөдөлгөөнд оролцогч” гэж замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг;

                        3.1.8.“замын хөдөлгөөний аюулгүй байдал” гэж замын хөдөлгөөнд оролцогчийг зам тээврийн осол, түүнээс үүдэн гарах хор уршгаас хамгаалсан байдлыг;

                        3.1.9.“замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” гэж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос үүдэн гарах хохирлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагааг;

                        3.1.10.“замын хөдөлгөөний зохион байгуулалт” гэж замын хөдөлгөөнийг удирдан явуулахад чиглэсэн  цогц үйл ажиллагааг;

                        3.1.11.“явган зорчигч” гэж замаар явган яваа /зам дээр ажил үүрэг гүйцэтгэж яваагаас бусад/ хүн, жагсаалаар яваа болон хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй, түүнчлэн тэрэг түрж, чарга чирж, мотоцикл, мопед, унадаг дугуйг хөтөлж замаар яваа хүнийг.

   4 дүгээр зүйл.Замын хөдөлгөөний нэгдсэн журам

   4.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно.

   4.2.Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална.

   4.3.Замын хөдөлгөөний дүрэмд механикжсан тээврийн хэрэгслийн ангилал, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар, замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг, явганаар болон тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох журам, холбогдох стандартаар тогтоосон замын хөдөлгөөн зохицуулах дохио, замын тэмдэг, тэмдэглэлийн загвар, утга агуулга, тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт, тээврийн хэрэгслийн таних тэмдгийн загвар, хэрэглэх журмыг тусгана.

            4.4.Монгол Улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (666)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.