ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 5 ДУГААР СУРГУУЛИЙГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАСАН ЖИШИГ СУРГУУЛЬ БОЛГОНО

      2016 онд улсын хэмжээнд 1087 хүүхэд зам тээврийн осолд өртсөний 89 хувь буюу 975 нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн нь энэ төрлийн хэрэгт анхаарахгүй байхын аргагүй нөхцөл байдал үүсээд байгааг харуулж байна.  Хүүхэд зам тээврийн осолд өртөхөд эрх зүйн орчин, хүн амын нягтаршил, замын зохион байгуулалт, хот төлөвлөлт, сургуулийн автобус, сургалтын хөтөлбөр, хүүхдийн төлөвшил, хүмүүжил зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлж байдаг бөгөөд үүний нэг нь Сургууль орчмын аюулгүй байдал юм.  Дээрх хүчин зүйлүүдээс шалтгаалан жилд 40-50 орчим хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байна.

   

Замын цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх олон ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байгаагийн нэг нь Зориг сангийн Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөрийн оролцогч, Австралийн тэтгэлэгээр тус улсад суралцаж ирсэн төгсөгчидтэй хамтран хэрэгжүүлж буй “ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛГҮЙ СУРГУУЛЬ” бичил төсөл юм.

   

Уг төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр/ Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургууль дээр зохион байгуулагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд Австрали улсаас Монгол улсад суугаа Элчин сайд ноён Жон Лангтри, Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газрын Хүний нөөц түншлэлийн менежер Л.Энхтүвшин, Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Сүхбат, 5 дугаар сургуулийн захирал Н.Гэндэнсүрэн, төслийн багийн гишүүд А.Нургул, Ж.Мөнхцэцэг, С.Өсөхбаяр, Т.Энхтунгалаг, М.Эрдэнэчимэг нар болон бусад холбогдох албан тушаалтан нар оролцлоо.

   

Төслийн хүрээнд зам тээврийн осол, хэрэг ихээр гарч болзошгүй, өндөр эрсдэлтэйд тооцогддог, Чингэлтэй дүүрэгт байрлах 5 дугаар сургуульд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жишиг танхим байгуулж, сургууль орчимд 2 гэрлэн дохио, 62 метрийн урттай 5 хурд сааруулагч, 34 ширхэг тэмдэг тэмдэглэгээ, 600 орчим метр хайс байрлуулан тохижуулж, тус сургуулийн 6-14 насны 2300 орчим сурагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтыг системтэйгээр тогтмол явуулахаар төлөвлөн ажиллаж байна.

   

“Зам тээврийн осолгүй сургууль” төсөл нь 2017 оны 2-р сарын 01-нээс 5-р сарын 26-ны өдрийн хооронд 3 үе шаттайгаар хэрэгжих юм. Төслийг бүрэн хэрэгжүүлэхэд нийт 78 сая төгрөгийн санхүүжилт зарцуулагдах юм байна.

     

Замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэгийг хүүхдэд олгох, замын хөдөлгөөнд соёл, дэг журамтай оролцуулах дадлага эзэмшүүлэх, осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх асуудал нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллага, насанд хүрсэн иргэн бүрийн эрхэм үүрэг юм.

   

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад сургуулийн бүсийг аюулгүй болгон тохижуулах, хүүхдүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын хичээл заах гэх мэт маш олон үр дүнтэй аргуудыг хэрэгжүүлдэг. Улаанбаатар хотын хувьд энэ тал дээр санаачлан эхлүүлж байгаа ажил олон байгаа ч дээрх тоо баримтууд зам тээврийн ослыг бууруулах тал дээр улам анхаарч ажиллах шаардлагатайг бидэнд сануулж байна.

   

Мөн төслийн хүрээнд "Хурдаа Хас! ХҮҮХЭД" facebook https://www.facebook.com/SafeRoutesToSchoolUB/ хуудсаар дамжуулан замын хөдөлгөөний ослоос бяцхан үрсээ хэрхэн хамгаалах, хөдөлгөөнд аюулгүй оролцох тухай зөвлөмжүүдийг иргэд, олон нийтэд хүргэхийг зорин ажиллаж байна. 

 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦДОГГҮЙ НЭГ Ч ХҮН БАЙДАГГҮЙ. ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ ИРГЭН ТАНЫ ЭРҮҮЛ, АМЬД ЯВАХ АМЬДРАЛЫН БАТАЛГАА ЮМ. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (814)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.